Өнгөрсөн онд аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгаар 11,100 гаруй иргэн үйлчлүүлсэн байна. Харин он гарснаас хойш яаралтай тусламжийн үйлчилгээний ачаалал огцом нэмэгдэж, хоногт дунджаар 25–40 иргэн хандах болсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт болж байна.
Эрүүл мэндийн байгууллагад хожуу хандаж, өвчнөө хүндрүүлсний улмаас иргэдийн биеийн байдал хүндэрсэн тохиолдол цөөнгүй бүртгэгдэж байгааг эмч нар онцолжээ. Ялангуяа томуу болон томуу төст өвчнөөр өвдсөн иргэд баярын өдрүүдээр гэрийн нөхцөлд эмчилгээ хийж, эмнэлэгт цаг алдан хандсанаас уушгины хатгаа, амьсгалын дутагдалд орсон тохиолдлууд нэмэгдсэн байна.
Он гарснаас хойш зүрхний шигдээсийн 3–4 тохиолдол бүртгэгдэж, зарим өвчтөнүүдийг нийслэл хот руу яаралтай тээвэрлэсэн талаар албаныхан мэдээллээ. Мөн дотоод эрхтэн, тогтолцооны хүнд хэлбэрийн хүндрэлтэй өвчтөнүүд олноор хандаж байгаа нь яаралтай тусламжийн тасгийн ачааллыг улам нэмэгдүүлж байна.
Тус тасаг хүний нөөцийн хувьд мэргэшсэн эмчийн тоог нэмэгдүүлж, сувилагч нарын ур чадварыг сайжруулсан ч үйлчилгээ үзүүлэх орчны багтаамж хамгийн тулгамдсан асуудал хэвээр байгааг онцолжээ. Одоогоор 2 өрөө, 4 ортой яаралтай тусламжийн тасагт 7-оос дээш өвчтөн нэгэн зэрэг ирэхэд үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл үүсдэг байна.

Иймд эмч, мэргэжилтнүүд иргэдэд эрүүл мэндийн хяналтаа тогтмол хийлгэх, өвчний шинж тэмдэг илэрмэгц эмнэлэгт яаралтай хандаж, өвчнийг хүндрүүлэхгүй байхыг зөвлөж байна.
Сэтгүүлч Т.Алтанминж







Сэтгэгдэл үлдээх