ДАНДАРЫН РЕНЧИН
(1951–2026)
Савар овогт Дандарын Рэнчин нь 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ертөнцийн мөнх бусыг үзүүлж, гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь хүнд гарз тохиолоо.
Д.Рэнчин нь 1951 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Увс аймгийн Хяргас сумын Билүүгийн гол гэдэг газар төржээ.
Тэрээр:
-
1971 онд: Увс аймгийн Баруунтуруун сумын 10 жилийн дунд сургуулийг дүүргэсэн.
-
1971–1977 онд: Дархан хотын Политехникумын цахилгааны ангид элсээд, улмаар цэргийн албанд татагдан албаа хаасан
-
1977–1982 онд: Политехникийн дээд сургуулийг “Цахилгааны инженер” мэргэжлээр төгсөж, дээд боловсрол эзэмшсэн.
-
1982–1986 онд: Хөдөлмөрийн гараагаа Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт (ЭХНҮ) Цехийн мастер, салбар станцын инженерээр эхэлсэн.
-
1986–1990 онд: Тус үйлдвэртээ Ерөнхий инженерээр дэвшин ажилласан.
-
1991–1992 онд: Увс аймгийн Ардын Депутатуудын Хурлын (АДХ) гүйцэтгэх захиргааны хянан байцаах албанд Улсын байцаагчаар ажилласан.
-
1992–1995 онд: Баруун аймгуудын Эрчим хүчний системийн ашиглалтын өмнөх захиргаанд Хяналтын инженерээр ажилласан.
-
1995 оны 12 сард: Түүний техникийн хяналтыг нь хариуцан ажилласан Улсын хил–Улаангомын 110 кВ-ын шугам, дэд станц ОХУ-ын Красноярскийн эрчим хүчний системтэй холбогдож, Улаангом хотыг эрчим хүчээр хангаж эхлэх түүхэн үйлсийг гардан бүтээлцсэн анхдагчдын нэг болсон
-
1995–2014 онд: “Баруун бүсийн эрчим хүчний систем” (ББЭХС) ТӨХК-ийн Тэргүүн дэд захирал бөгөөд Ерөнхий инженерээр 20-иод жил тасралтгүй, үр бүтээлтэй ажиллаж, гавьяаныхаа амралтад гарсан.
Д.Рэнчин инженер нь баруун бүсийн эрчим хүчний систем гадаад орноос импортоор эрчим хүч худалдан авч, дамжуулан борлуулж эхэлсэнтэй холбоотой техник ашиглалт, худалдан авалт, засвар үйлчилгээний заавар, журам, гэрээнүүдийг олон улсын түвшинд боловсруулж, мөрдүүлсэн гавьяатай. Тэрбээр системийн Реле хамгаалалт, автоматикийн (РХА) механик тоног төхөөрөмжүүдийг орчин үеийн электрон, хагас дамжуулагч системээр шинэчлэн, Дөргөний Усан цахилгаан станцыг ОХУ-ын системтэй зэрэгцээ ажиллагаанд оруулахад санаачилга гарган үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
Техникийн бэлэн байдлыг хангах, ажлын байранд осол авааргүй, аюулгүй ажиллагааг мөрдүүлэх үндсэн шалгуурыг мэргэжлийн өндөр сахилга батаар хангаж, эрчим хүчний салбарт насаараа ажиллахдаа олон арван инженер, техникийн ажилтнуудыг сурган дадлагажуулсан манай салбарын шилдэг сурган хүмүүжүүлэгч, удирдагч байлаа.
Түүний хөдөлмөр бүтээлийг төр засаг, салбарын хэмжээнд өндрөөр үнэлж, “Эрчим хүчний тэргүүний ажилтан” цол тэмдэг, төрийн дээд одон, медаль болох Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор тус тус шагнажээ.
Таны орон нутгийнхаа хөгжил дэвшилд оруулсан хөдөлмөр зүтгэл, шударга зан, зарчимч чанар, зөөлөн сэтгэл, эгэл даруу төрх бидний сэтгэл зүрхэнд мөнхөд орших болно.
Хайрт аав таны минь өгөөмөр сэтгэл, тууштай хөдөлмөрч олон түмний төлөө гэсэн зан бид бүхний зүрх сэтгэлд үүрд дурсагдах болно.
Хань, үр хүүхэд ,ач зээ, ах дүү, төрөл төрөгсдөөс нь
Ум сайн амгалан болтугай.






Сэтгэгдэл үлдээх