Увс аймгийн аж ахуйн нэгж болон иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах, борлуулалтыг нь дэмжин орлогыг нэмэгдүүлэх, зах зээлийн холбоо тогтооход туслах, урамшуулан хөгжүүлэх зорилгоор “МИНИЙ МОНГОЛ-УВС ЦАГААН САР 2026” үзэсгэлэн худалдааг 2026 оны 2 дугаар сарын 6, 7-ны өдрүүдэд Бөхийн өргөөнд зохион байгуулна.
Тус үзэсгэлэн худалдаанд Увс аймагт үйлдвэрлэсэн
✔ Ноос, ноолууран бүтээгдэхүүн
✔ Арьс, шир, оёмол бүтээгдэхүүн
✔ Сүү, мах, гурил, гурилан бүтээгдэхүүн
✔ Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ
✔ Барилгын материал, мод модон эдлэл
✔ Аялал жуулчлал, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн
зэрэг Увсад үйлдвэрлэсэн өргөн нэр төрлийн бараа бүтээгдэхүүн оролцоно.
Үзэсгэлэн худалдаанд оролцох аж ахуйн нэгж, иргэд нь сумдын жижиг, дунд үйлдвэрлэл (ЖДҮ) хариуцсан мэргэжилтэнд бүртгүүлсэн байх бөгөөд хуваарилагдсан талбайдаа ширээ, сандлаа өөрсдөө бэлтгэн, нүдэнд ил харагдахуйц хаяг, шошго, танилцуулга, сурталчилгааны самбар байршуулж, эрүүл ахуйн шаардлагыг ханган иргэдэд үйлчлэх юм.
Мөн үзэсгэлэн худалдаанд оруулах бүх бүтээгдэхүүн нь эрүүл ахуйн шаардлага хангасан, өнгө үзэмж сайтай, сав баглаа боодол, хаяг шошготой байх шаардлагатай бөгөөд импортын бүтээгдэхүүн оролцуулахгүй гэдгийг зохион байгуулагчид онцолж байна.

Түүнчлэн үзэсгэлэн худалдааны үеэр эрүүл ахуйн шаардлага, чанар стандарт, сав баглаа боодол, борлуулалт, хэрэглэгчдийн эрэлтэд нийцсэн байдлыг харгалзан шилдэг 5 бүтээгдэхүүнийг шалгаруулж, шагнаж урамшуулах юм.
Энэхүү үзэсгэлэн худалдаа нь орон нутгийн үйлдвэрлэгчдийг дэмжих, тэдний бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд ойртуулах, зах зээлийг тэлэх бодит боломж болох юм.







Сэтгэгдэл үлдээх