Туульч хэмээх нэрээр Монгол болон дэлхийд алдаршсан Парчин есхөн настайдаа баатарлагийн тууль хайлж сурсан гэдэг.
Авьяас төгөлдөр Маньтханы Парчин Дөрвөд далай хан аймгийн Саруул гүний хошуу одоогийн Увс аймгийн Хяргас сумын Чорос овгийн хүн ажээ. Бага насандаа Дэжээлингийн хүрээнд шавилан сууж, түвд, тод үсэг сурахын зэрэгцээ буурал Сэгсрэн хүрээнд ирж тууль хайлахыг сонсож сурч эхэлжээ. Парчин хийдэд 20 гаруй жил суусан бөгөөд 1800 оны сүүлч буюу 40 гаран насандаа хар болж нутгийнхаа Долгор хэмээх хүүхэнтэй гэр бүл болсон байдаг.
Монгол Ойрадын баатарлаг туульс номд 1912 онд Хатанбаатарын цэрэг Ховд хотыг дайрахын урьд шөнө Парчин туульч “Бум-Эрдэнэ” туулийг хайлж Ойрадын цэргийг дайн тулаанд зоригжуулдаг байв хэмээн тэмдэглэжээ.
Парчины хайлж бичүүлсэн 20 шахам туульс үлгэр, домог Монголын болон дэлхийн аман зохиолын сан хөмрөгт орсон байдаг.Уянгалаг сайхан аялгуу бүхий уран цэцэн үг хэллэгтэй утга төгөлдөр туульсаар хүн ардынхаа сонорыг мялааж сэтгэлийг баясгахын зэрэгцээ эх орныхоо тусгаар тогтнол, бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож явсан ахмад дайчин хүн байсан гэдэг







Сэтгэгдэл үлдээх