Дэлхийн энх тайвны үйлсэд үнэлж баршгүй их гавьяаг байгуулсан улсын алдарт, сайн малчин эмэгтэй бол Энгэлийн Бадам юм.
Тэрээр 1909 онд Увс аймгийн Өмнөговь сумын малчин ард Галууд овогт Энгэлийн гэр бүлд төржээ. 1928 онд нутаг ус нэгт Тугтан овгийн баян Дүүдэйгийн хүү Мягмартай гэр бүл болж хоёр хүү, хоёр охин төрүүлж өсгөсөн байдаг.
Тэдний мал сүргийн тоо 1941 онд 6245 толгойд хүрч байсан бөгөөд 1946 онд “Улсын хамгийн сайн малчин” цолоор шагнуулж байжээ.
Дэлхийн 2-р дайны үед буюу 1941-1945 оны хооронд Төр засгаас дэвшүүлсэн “Бүхнийг фронтод”, “Бүхнийг ялалтын төлөө” хөдөлгөөнийг манлайлан оролцож ЗХУ-ын Улаан армид 10 мянган төгрөг, 1600 бог мал, 10 агт морь, 16 атан тэмээ болон олон зуун нэхий, хурганы арьс зэргийг бэлэглэж, 96 шилдэг сайн агт морьдоо фронтод худалдсан гэж түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.
Тэр л цагаас “Фронт Бадам” нэрээр олонд хүндлэгдэж, дэлхийн энх тайвны түүхийг бичилцсэн зууны шилдэг эмэгтэй хэмээн алдаршсан байна.
Түүний алдар гавьяаг үнэлэн БНМАУ-ын Засгийн газрын “Хүндэт жуух бичиг”, Ардын хувьсгалын ойн медаль, ЗХУ-аас В.И.Лениний мэндэлсний 100 жилийн ойн медаль болон бусад шагналаар шагнасан байдаг.
2009 онд Улсын алдарт сайн малчин Энгэлийн Бадамын мэндэлсний 100 насны ойг өргөн дэлгэр тэмдэглэж, дурсгалын хөшөөг Увс аймгийн Наранбулаг сумын нутагт босгожээ.







Сэтгэгдэл үлдээх