Эх орноо харийн дайснаас хамгаалах Монгол улсын үндэсний тусгаар тогтнолын түүхэн үйл хэрэгт хувь нэмрээ оруулсан Ойрадын зоригт эрсийн гавьяа зуун дамжин яригдсаар.
Баруун Монголыг төвхнүүлэх, нутаг ус, түмэн олныхоо төлөө амаргүй цаг үед төр түшиж явсан Далай хан Түмэндэлгэржав, Харлаг бэйс Аюурзана нарын журамт үйл хэрэг их билээ.Монгол улсын төлөө амь нас, бие сэтгэлээ зориулсан олон улс төрийн зүтгэлтнүүдийн дотроос өөрийн гэсэн үзэл бодол,ноён нуруутай, амьдрал бүтээлээрээ өдгөө бидэнд аман түүх хийгээд шастирын хуудаснаа уламжлан ирсэн түүхэн бие хүн, төрийн хар хүмүүс юм.
Түмэндэлгэржав нь төрийн хар хүний холч хараа, сийрэг ухаантай, үндэсний эрх ашгийг юун түрүүнд тавьдаг хүн бөгөөд Жалханз нар хийгээд Богдын засгийн төлөөлөгчдийн орон нутаг дахь найдвартай түшиг тулгуур байж, орон нутгийн удирдагчдыг засгийн газартай холбогч гүүр болсон улс төрч байжээ.
1921 онд Далай ханы зуслан Мөст хэмээх газарт Баруун Монголын ардын түр засгийг байгуулахад Далай хан Түмэндэлгэржавыг засгийн газрын тэргүүн, Харлаг бэйс Аюурзаныг дотоод яамны сайдаар томилсон байдаг.
Энэхүү үйл хэрэгт холбогдох түүхэн бичээст хөшөө Увс аймгийн Түргэн сумын Мөстийн бэлчир хэмээх газарт босгосон байдаг.
Түүнчлэн Харлаг бэйс Аюурзанын амьдарч байсан хашаа, сууц одоог хүртэл Увс аймгийн Улаангом хотод хуучин төрхөөрөө хадгалагдан үлджээ. Энэхүү сууц нь Увс аймгийн анхны 2 давхар байшин гэх бөгөөд тус байшингийн цонхоор Догсом хурц Хархираа, Түргэний уулсыг ширтэн сууж, хайртай хүүхэн Жинжийбадамдаа зориулан “Хөх торгон дээл” дууг зохиож байсан түүхтэй гэлцдэг.







Сэтгэгдэл үлдээх