Битүүний өдөр бүх нийтээр амарч, 2-р сарын 28-ны Бямба гарагт нөхөж ажиллана
Засгийн газрын ээлжит хуралдаанаас иргэдийн Цагаан сарын баярын бэлтгэлийг хангах, зан заншлаа дээдлэх боломжийг олгох зорилгоор Битүүний өдрийг амралтын өдөр болгох шийдвэр гаргалаа. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт албан ёсоор мэдээлэл өгсөн юм.
Ажлын өдрийг шилжүүлэх зохицуулалт
Уламжлалт Цагаан сарын баярын Битүүний өдөр энэ жил хоёрдугаар сарын 17-ны Мягмар гарагт тохиож байна. Засгийн газрын шийдвэрээр:
-
2-р сарын 17 (Мягмар): Бүх нийтээр амарна.
-
2-р сарын 28 (Бямба): Тухайн өдрийн ажлыг нөхөж ажиллана.
Энэхүү шийдвэрийг гаргахдаа иргэдийн саналыг харгалзан үзжээ. Нэгдүгээр сарын 18-наас эхлэн E-Mongolia платформоор дамжуулан иргэдийн дунд санал асуулга явуулсан бөгөөд оролцогчдын дийлэнх нь Битүүний өдөр амарч, баяртаа бэлдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Битүүний өдөр монголчууд гэр орноо цэвэрлэх, идээ шүүсээ засах зэрэг нөр их ажилтай байдгийг төр засаг ийнхүү дэмжлээ.
“Битүүний өдөр, 12-р сарын 31, 7-р сарын 10 зэрэг өдрүүдийг албан ёсоор амралтын өдөр болгох асуудлыг УИХ-аар хуульчлан шийдвэрлэхээр хэлэлцэж байна” хэмээн ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт онцоллоо.
Цаашдын чиг хандлага
Одоогоор дээрх өдрүүд нь зөвхөн Засгийн газрын тогтоолоор зохицуулагдаж байгаа ажлын өдрүүд юм. Харин цаашид эдгээр өдрүүдийг Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулах замаар байнгын амралтын өдөр болгохоор төлөвлөж байгаа ажээ.
Сэтгүүлч Т.Алтанминж







Сэтгэгдэл үлдээх