Уул усны өлгий нутаг Увс аймгийн уугуул иргэдийн удирдан зохион байгуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын (ИНБ) төлөөллүүд уулзаж, өргөн хүрээтэй, ажил хэрэгч уулзалтыг зохион байгууллаа.
Уг уулзалтад Увс аймгийн Засаг даргын орлогч Э.Баатарсан урилгаар оролцож, Увс аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн зохион байгуулалт, түүний үр дүн, ач холбогдлын талаар мэдээлэл өгч, дэмжиж ажилласан нийт ард иргэдэд талархал илэрхийлж байгаагаа уламжиллаа. Мөн аймаг орон нутгийн өвөлжилтийн цаг үеийн нөхцөл байдал, цаашдын бодлого, 2026 оноос эхлэх дараагийн 100 жилийн буюу 101 жилээс эхлэх Увс аймгийн хөгжлийн стратеги, хэтийн зорилт, чиг хандлагын талаар танилцуулж, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй ИНБ-уудтай хууль, бодлогын хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Увс аймгийн Нутгийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу энэхүү уулзалтыг санаачлан зохион байгуулсан Увс аймгийн Залуучуудын холбоонд талархал илэрхийлж, Нутгийн зөвлөлийн хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнгээс танилцуулан, цаашид бүхий л салбарын ИНБ-уудтай илүү өргөн хүрээнд хамтран ажиллах шаардлагатайг онцоллоо.
Эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулдаг “Ангаанч хүмүүн” ТББ-ын тэргүүн, УИХ-ын гишүүн Т.Мөнхсайханы зөвлөх Буянтогтох Увс аймагт хэрэгжүүлсэн хавдрын эрт илрүүлэг, явуулын дурангийн үзлэгийн үр дүн, эрүүл мэндийн судалгааны ач холбогдлын талаар мэдээлэл өгч, цаашид бусад ИНБ, байгууллагуудтай хамтран ажиллах боломжтойгоо илэрхийллээ.
Увсын сэтгүүлчдийн холбооны тэргүүн С.Анхзул Увс нутгийн уугуул 80 гаруй сэтгүүлч аймаг орон нутгийн хөгжил, соёл, түүх, хэл заншлыг сурталчлах, иргэдийн мэдэх эрхийг хангах чиглэлээр нэгдэн ажиллаж буйг онцлон, ИНБ-уудтай хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх уриалга дэвшүүлэв. Мөн Увсын эрдэмтэн судлаачдын холбооны УЗ-ийн гишүүн, доктор Д.Лхагвасүрэн тус холбооны үйл ажиллагаа, цаашдын хамтын ажиллагааны талаар мэдээлэл өглөө.
Түүнчлэн “Чандмань нэгдэл” холбооны гишүүн, Увс аймгийн 100 жилийн ойн хүрээнд “Тэнгэрийн хүлэг” уран баримлыг бүтээсэн уран бүтээлч Ихбанди уран бүтээлчдийнхээ хийж хэрэгжүүлсэн ажлуудыг танилцуулж, бусад ИНБ-уудтай хамтран ажиллахад нээлттэй байгаагаа илэрхийлсэн юм.
Уулзалтын үр дүнд Увс аймгийн Нутгийн зөвлөлийн Ажлын алба Улаанбаатар хот болон Дархан, Орхон зэрэг төвийн бүсэд үйл ажиллагаа явуулж буй Увс нутгийн ИНБ, бизнес эрхлэгчидтэй уялдаа холбоо тогтоож, нэгдсэн зохион байгуулалтад орон, дотоод гадаадын ижил төстэй байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, орон нутгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж, өргөтгөсөн уулзалт зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
Энэхүү уулзалт нь Увс нутгийн ИНБ-уудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан, бодит үр дүнтэй, ажил хэрэгч уулзалт боллоо.







Сэтгэгдэл үлдээх