МАХН-ын Төв Хороо, Сайд нарын зөвлөлийн 1943 оны тогтоолоор үр тариа, мал аж ахуй эрхлэх чиглэлээр Баруунтурууны сангийн аж ахуй анх байгуулагдаж байжээ.
Ажил хөдөлмөр ундарч трактор комбайны дуу нүргэлсэн Баруунтурууны сангийн аж ахуйн талбараас Хөдөлмөрийн баатар Д.Батсуурь, Ц.Сандуйжав, Д.Цэрэн, С.Эрдэнээ нарын хөдөлмөрч олон төрсөн байдаг. Тэдний нэг нь Сүрэнгийн Эрдэнээ.
Сүрэнгийн Эрдэнээ БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1974 оны 38 тоот зарлигаар Монгол улсын хөдөлмөрийн баатар цол хүртжээ.
Тэрээр 1930 онд Увс аймгийн Түргэн сумын нутагт төрсөн бөгөөд 17 жил газар тариалангийн салбарт ажилласаны 12 жилд нь Баруунтуруун сумын САА-д трактор-комбайнчаар ажилласан байдаг. Ийнхүү ажиллахдаа аймгийн ургацын аваргаар 4 удаа, улсын ургацын аваргаар 3 удаа шалгарсан байна.
1969-1973 онуудад СК комбайнаар шууд хураалтад шилжүүлснээр 1967 га-гийн ажил хийж, 380567 центнер ургац хурааж, жил бүр эзэмшсэн техникийнхээ нормыг 284,3% -ийг биелүүлж, 4110 литр шатахуун хэмнэж, сэлбэг хэрэгслээр 44101 төгрөг, бүгд 46398 төгрөгийн орлогыг улсад оруулсан амжилтаар “Хөдөлмөрийн баатар” цол хүртжээ.
Улс эх орныхоо хөгжлийн төлөө хөлс хүч, сэтгэл зүрхээ зориулан хөдөлмөрлөсөн ажилсаг түмний гавьяа мөнхөд дурсагдсаар байх болно.







Сэтгэгдэл үлдээх