1921 онд Монгол улсын тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөөх тэмцэлд гар бие оролцож гавьяа байгуулсан ардын журамт цэргүүдэд 1931 он Ардын хувьсгалын 10 жилийн ойгоор “Улаан партизан” хэмээх хүндэт цол олгох шийдвэр гарчээ. Тухай онд анх бүртгэл гаргахад 1043 хүн орсон байна.
1931 оноос эхлэн Ардын журамт цэрэгт мордож эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцсэн дайчдыг бүртгэх ажил явагдаж байсан ч алс баруун хязгаар орхигдсон байна. Өөрөөр хэлбэл 1921 онд Увс аймгаас Ардын журамт цэрэгт явсан хүмүүсийн бүртгэл судалгаа гараагүй үлджээ.Харин зохиолч, сэтгүүлч Н.Батбаяр 1960-аад оны сүүлчээр партизан цэргүүдийн судалгаа материалыг цуглуулсанаар Далай ханы хошууны нутаг буюу Бөхмөрөн, Цагаан нуур, Ногоон нуур, сумдаас 1921 онд Ардын журамт цэрэгт алба хааж эх орныхоо тусгаар тогтнол эрх чөлөөний төлөө тулалдаж явсан 20-иод партизан цэргийн нэрсийг тодруулан гаргасан байдаг.
1921 оны долдугаар сард Улиастайг чөлөөлөөд Ховд, Улаангомын зүг мордсон Хатанбаатар Магсаржавын цэрэгт Увс аймгийн зүүн болон урд сумдаас олон цэрэг орсон тухай партизанууд бичжээ.Партизануудын ярианаас үзэхэд: Хасбаатарын удирдсан Ардын журамт цэрэгт Баруун ба Зүүн гар, Засагт хан аймгийн ачит ван илжгэн гүн, Цэцэн сартуулын хошуудаас доод тал нь 500 орчим цэрэг дайчлагдсан гэдэг.
Жишээлж хэлэхэд Дөрвөд далай ханы хошуунаас Хасбаатарын удирдлаган дор байлдаж явсан цэргүүдээс Баяны хар хөвүүн, Намирын хүрээг чөлөөлөх тулалдаанд Шар толгойн Сандаг, Цувтайн Хүрэл, Охноон Цэрэн нар Толбо нуурын бүслэлтэд амь үрэгдсэнийг түүхэнд тэмдэглэжээ.
1921 оны эхээр Увс аймгаас мордсон партизан цэргүүд Д.Сүхбаатарын удирдсан Ардын журамт цэрэгт элсэн орж, Хиагтыг чөлөөлөх анхны тулалдаанд оролцож аравны дарга, штабын газарчин, Төгсбуянт, Улаангомын хүрээгээр цэрэг элсүүлэх зэрэг үүрэгт албыг гүйцэтгэж, Намирын хүрээ, усан хоолой, Өлгийн хөтөл, Сагсайн гол, Улаанбайшинт, Халиун булагт болсон тулалдаанд баруун хязгаарыг цагаантнаас чөлөөлөхөд партизанууд ихээхэн гавьяа зүтгэл гаргасан байна.
Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтний хорооны бүртгэл дансанд Авирмэд, Аюур, Аюушжав, Бадам, Бадрах, Бүргэлдэй, Бүрнээ, Бямба-Иш, Гомбосүрэн, Гэндэн, Ламжав, Нясалдаг, Равдан зэрэг 22 партизаны нэрийг тэмдэглэсэн байна







Сэтгэгдэл үлдээх