1970-1987 оныг хүртэл хамгийн олон жил Увс аймгийн даргаар ажилласан хүн бол Гарьдын Баасанжав. Баасанжав дарга Увс аймгийн захиргаанд данс хөтлөгч, нягтлан бодох, МЭДН-ийн орлогч дарга, 1969 онд Увс аймгийн АДХГ захиргааны даргаар /Ардын Депутатын Хурлын Гүйцэтгэх/ сонгогдож, 1987 он хүртэл ажилласан байдаг.
Тэрээр 1934 онд Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн бөгөөд Санхүүгийн техникум, МУИС, ЗХУКН-ын дээд сургуулийг төгсжээ.
Г.Баасанжав дарга Увс аймгийн даргаар ажиллахдаа мал аж ахуй газар тариалангийн материаллаг баазыг бэхжүүлэн Тэс, Хархираа, Улаантолгойн ТАА, Баруунтурууны холимог ба хорголжин тэжээлийн үйлдвэрийг барьж, сум бүр өөрийн тэжээлийн агуулах, цехтэй болсон байна. Мөн шүдэн уулын давсны эрдэс тэжээлийг ашиглах ажлыг зохион байгуулсан байдаг.
Баруунтуруун, Тээлийн боомын услах систем байгуулж, тэжээл тариалах явдлыг өргөжүүлэн үүний дүнд Увс аймаг малын тэжээлийн хэрэгцээг өөрийн үйлдвэрлэлээр бүрэн хангаж чадаж байжээ. Бог малыг хоёр ээлжийн, бод малыг 1,5 ээлжийн хашаатай болгож, нүүдлийн замд мал төллүүлэх баазуудыг олноор байгуулсан. Энэ бүхэн аймаг орон нутгийн эдийн засгийн үндэс суурь болсон мал сүргийг тогтвортой өсгөх, газар тариаланг хөгжүүлэх зөв бодлого байсан юм.
Түүнчлэн Г.Баасанжав дарга Улаангом суманд 960 хүүхдийн дотуур байртай сургууль, Хүнсний үйлдвэр, Нэгдсэн эмнэлэг зэрэг томоохон барилгуудыг барьсан нь өнөөгийн Увс аймгийн хөгжлийг тодорхойлсон Шилдэг удирдагчийн зөв бодлогын үр дүн билээ.







Сэтгэгдэл үлдээх