Увс аймаг, Улаангом. XVII-р жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн сар шинийн баярт зориулсан шагайн харвааны тэмцээн 2026 оны 2 дугаар сарын 7-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд Увс аймгийн өнцөг булан бүрээс ирсэн 82 харваач цэц мэргэнээ сорьсноос Монгол Улсын Харьшгүй мэргэн 1, Улсын Хүндэт мэргэн 2, Аймгийн гоц мэргэн 11, Сумын мэргэн 2 болон 60 гаруй залуу харваачид оролцсон нь тэмцээний чансааг илтгэж байв.

“Үндэсний шагайн харваа”: “Хан Хархираа” баг түрүүллээ
Багийн харвааны үндэсний төрөлд Д.Басан ахлагчтай “Хан Хархираа” баг тэргүүн байр эзэлж, Сар шинийн түрүүг авлаа. Удаах байруудад:
-
Дэд байр: Э.Жаргалсайхан ахлагчтай “Алтан дуулга” баг
-
Гутгаар байр: Б.Мондгор ахлагчтай “Хөхүйн цэц” баг
-
Тусгай байр: Г.Эрдэнэбат ахлагчтай Ховд аймгийн “Жаргалант цэц” багууд тус тус шалгарлаа.
“Ойрад шагайн харваа”: Өндөрхангайчууд давамгайлж байна
Орон нутгийн өв соёлыг тээсэн Ойрад шагайн харвааны төрөлд:
-
Тэргүүн байр: Э.Жаргалсайхан ахлагчтай Өндөрхангай сумын баг
-
Дэд байр: Ж.Даваацэрэн ахлагчтай “Улаангом” баг
-
Гутгаар байр: Батнасан ахлагчтай “Хяргас” сумын баг тус тус байр эзлэв.
Хувийн цуваа: Ц.Балжинням, Б.Балжинням нар манлайлав
Насанд хүрэгчдийн хувийн цуваа харваанд Зүүнговь сумын сумын мэргэн Ц.Балжинням түрүүлж, Улсын харьшгүй мэргэн Ж.Даваацэрэн удаах байрыг эзэлсэн бол Өсвөрийн харваачдын төрөлд Өндөрхангай сумын харваачид эхний гурван байрыг “шүүрдсэн” байна.
Өсвөр үеийн дүн:
-
Б. Балжинням (Өндөрхангай)
-
Ц. Бархасбаяр (Өндөрхангай)
-
Г. Сүх-эрдэнэ (Өндөрхангай)
Тэмцээнийг Увс аймгийн Биеийн тамир спортын газар, “Ойрадын мэргэчүүл” шагайн салбар холбоо хамтран зохион байгуулсан юм. Мөн үндэсний өв соёлоо дэмжин ажилласан “Хишигт Хүнс Гурван Тэрмэс” ХХК-ийн захирал Д.Алтантуяа, “Увс Хүнс” ХХК-ийн захирал Л.Нямгэрэл нарт зохион байгуулагчид болон тамирчдын зүгээс талархал илэрхийллээ.








Сэтгэгдэл үлдээх