2026 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээнд өөрчлөлт ороогүй бөгөөд иргэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2 хувиар шимтгэлээ төлөх зохицуулалт хэвээр үргэлжилж байна. Одоогийн байдлаар Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792,000 төгрөг бөгөөд энэ нь өөрчлөгдөөгүй тул эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээ мөн хэвээр хадгалагдаж байна.
Өөрөө даатгал төлөх иргэдэд малчид, ажилгүй, оюутан зэрэг багтдаг бөгөөд тэд сард 15,840 төгрөг, жилд 190,080 төгрөг төлснөөр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрхтэй болно.
2016 онд батлагдсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар Монгол Улсын иргэн бүр даатгалд заавал хамрагдах ёстой гэж заасан бөгөөд 2019 оноос эхлэн иргэд даатгалын шимтгэлээ бүрэн төлсөн тохиолдолд л эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрхтэй болсон юм.
Иргэд эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ e-Mongolia аппликейшнээр зөвхөн өөрийнхөө, харин e-Barimt аппликейшнээр өөрийн болон бусдын даатгалыг цахимаар төлөх боломжтой.
2026 он гарснаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар аймгийн нэгдсэн эмнэлэг, анхан шатны эрүүл мэндийн төвүүд, мөн эмийн сангуудтай байгуулсан гэрээгээ үргэлжлүүлэн хэрэгжүүлж, иргэдэд эмийн хөнгөлөлт эдлэх боломжийг бүрдүүлж байна.
Харин 2025 оны 10 дугаар сарын 1-нээс хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудтай байгуулсан гэрээг түр хугацаанд зогсоосон бөгөөд 2026 онд сонгон шалгаруулалт хийгдсэний дараа дахин гэрээ байгуулж, үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэх юм.
Сэтгүүлч Т.Алтанминж







Сэтгэгдэл үлдээх