Шинэ жилийн мартагдашгүй дурсамжийг бэлэглэх “Цөмөөхэй” бүжгэн жүжгийн гол дүрийн ханхүү Буянжаргалын Батэрдэнэ
Сайн байна уу? Та “Цөмөөхэй” бүжгэн жүжгийн гол дүрд тоглох гэж байна. Энэ талаар сэтгэгдэлээ хуваалцана уу?
Сайн байцгаан уу! Энэ жүжигт гол дүрд тоглох нь миний хувьд маш том хариуцлага. “Цөмөөхэй” бүжгэн жүжигт анх удаагаа гол дүрд тоглохоор сонгогдсон маань миний хувьд том сорилт, мөн уран бүтээлчийн хувьд маш чухал алхам гэж бодож байна. Би энэ үүргийг маш өндөр хариуцлага хэмээн хүлээн авч байна.
Таны бүжгийн замнал хэрхэн эхэлсэн юм бэ?
Би наймдугаар ангиасаа хойш бүжиглэж эхэлсэн. Завхан аймгийн Хөгжим бүжгийн коллежийг бүжигчин мэргэжлээр төгссөн. Түүнээс хойш Ойрад театрт бүжигчинээр ажиллаж байна. Бүжиглэх нь намайг сэтгэл санаагаар өөдрөг байлгадаг, мөн энэ урлагт өөрийгөө илүү хөгжүүлэх боломж олгодог.
Та Япон улсад бэлтгэл хийсэн гэж сонссон. Японы бүжигчидтэй хамтарч ажиллах хэр байсан бэ?
Тийм ээ, “Цөмөөхэй” бүжгэн жүжгийн хүрээнд Япон улсад бэлтгэл хийж, Японы бүжигчидтэй хамтран ажилласан. Тэнд очиж бүжгийн ур чадвараа улам сайжруулж, соёлын ялгаатай байдал, техник арга барилд суралцсан нь маш үнэ цэнэтэй туршлага болсон. Япон бүжигчидтэй хамтарч ажиллах нь миний хувьд томоохон амжилт байлаа. Энэ туршлага нь намайг ур чадвараа хөгжүүлэхээс гадна өөрийгөө шинэ өнцгөөс харж, шинэ зүйлсийг үзэх боломж олгосон.

Тэгэхээр өөрийн ур чадвараа хөгжүүлэхэд ямар зорилготой байсан бэ?
Миний хувьд, бүжиг бол зөвхөн хөдөлгөөн бус, сэтгэл санаагаа илэрхийлэх, бүхэл бүтэн ертөнцийг тайзнаа харуулах боломж. Японд хийсэн бэлтгэлээс олон шинэ зүйлсийг суралцсан бөгөөд энэ нь зөвхөн техник талаас биш, бүжгийн соёлын гүн гүнзгий ойлголтыг надад өгсөн.
Шантармаар үеүүд гардаг уу? Бүжигчин хүнд ямар сорилтууд тулгардаг вэ?
Шантармаар үеүүд зөндөө байдаг. Бүжиглэх нь хэцүү ажил, тэсвэр тэвчээр шаарддаг. Биеийн болон сэтгэл санааны хувьд ч их хүнд байдаг. Гэхдээ бүжиглэх нь намайг тэсвэр хатуужилтай болгодог. Түүнээс гадна энэ бүжгийн урлаг нь миний сэтгэлийг амар амгалан байлгадаг, би хүнд үеүүдэд бүжиглэж байхдаа өөрийгөө тайванаар мэдэрдэг.
Танай бүжгэн жүжгийг үзэх хүмүүст хандаж юу гэж хэлмээр байна?
Манай бүжгэн жүжгийг гэр бүлээрэй үзээсэй гэж хүсэж байна. Хүүхдэд багаас нь театрын үзвэр үзүүлж хэвшвэл насан туршийн дадал суудаг. Цаашлаад урлаг гоо зүйн мэдрэмжтэй болохоос гадна гэр бүлээрэй үзсэнээр гэр бүлийн уур амьсгал аж жаргалтай болох болно.

Уншигч та бүхэнд сонордуулахад ‘Щелкунчик буюу Цөмөөхэй’ бүжгэн жүжиг 12 сарын 06-ны өдрийн 17:00 цагаас болон 07 -ны өдрийн 13:00, 17:00 цагуудад ОЙРАД ТЕАТРТ тоглогдох гэж байна.







Сэтгэгдэл үлдээх