УЛС ТУНХАГЛАСАН ЭНЭ САЙХАН ӨДӨРТӨӨ ОЙРАД ХӨГЖИМТ ЖҮЖГИЙН ТЕАТРЫН УРАН БҮТЭЭЛЧИД ОЛОН УЛСЫН УРАЛДААН, ИХ НААДАМД ТЭРГҮҮН БОЛОН ДЭД БАЙР ЭЗЭЛСЭН АМЖИЛТААР БЭЛЭГ БАРИЛАА.
2025.11.21- 24 ны өдрүүдэд ОХУ Горно-Алтайск хотноо зохион байгуулагдсан Туульчид, Хөөмийчдийн Олон улсын уралдаанд дэлхийн 6 орны 400 гаруй уран бүтээлч, 24 хамтлаг оролцож Алтайн их уулсыг дамнан оршдог ард түмэн Улс үндэстнүүд Хөөмий, тууль, үлгэр домгийг Икел, морин хуур, товшуур, аман хуур хөгжмийн аянд уянгалуулан хайлж Монгол туургатны соёлын баялаг өвийг олон улсад түгээн сурталчиллаа.
Энэхүү уралдаанд Монгол улсаа төлөөлөн Увс аймгийн Ойрад ХЖТ-ын дэргэдэх “Ойрад” хамтлаг(хамтлагийн ахлагч МУСТА Д.Басан) уран бүтээлчид оролцож Хамтлагийн төрөлд “ДЭД БАЙР”, Гоцлолын төрөл, Насанд хүрэгчдийн ангилалд Ойрад театрын Хөөмийч, МУСТА, Дэлхийн хөөмийчдийн холбооны 7 удаагийн ГранПри шагналт Д.БАСАН Шилдэг хөөмийчнөөр шалгаран Тэргүүн байр эзэлж Олон улсын уралдааны Найм дахь түрүүгээ авлаа.

Мөн уг арга хэмжээний хүрээнд Монгол-Алтай хамтарсан концертыг зохион байгуулж Ойрад театрын уран бүтээлчид ” Нарлаг Монгол” тоглолтоо үзэгч түмэндээ толилуулж Баруун монголын баатарлаг тууль, бий биелгээ, хөөмий болон үг нь аргадаж ая нь сургасан уртын сайхан дуу, богино бэсрэг дуу, хоёрхон чавхдасаар хорвоог уяраах увидастай Икел, морин хуурын татлагуудаас сонордуулж Улс Монголоо Увс аймагтай нь хамт сурталчиллаа.
Зохион байгуулах хорооноос тавьсан хүсэлтийн дагуу Хөөмийч МУСТА Д.БАСАН, Морин хуурч МУСТА М. БАТСАНАА, Икелч Б.НЯМЛХАГВА нар мэргэжлийн чиглэлээр “Мастер Класс ” сургалтыг зохион байгуулж мэргэжлийн ур чадвараа таниулж өндөр үнэлэлт авлаа.
ОЙРАД ТЕАТРЫН НИЙТ УРАН БҮТЭЭЛЧИДДЭЭ ИХ АМЖИЛТЫГ ХҮСЭЖ УУЛ УСНЫ ДИВААЖИН УВС НУТГИЙНХАА НЭР ТӨРИЙГ ӨНДӨРТ ӨРГӨЖ УЛАМЖЛАЛТ УРЛАГ СОЁЛОО ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ АРИУН ҮЙЛС НЬ ДЭЛГЭРЧ ЯВАХЫН ЕРӨӨЛ ӨРГӨЕ.
Мөн гадаад улс оронд болсон чухал арга хэмжээнд оролцох боломж нөхцлөөр хангаж дэмжиж тусалсан бүх хүмүүс төрийн байгууллагуудад болон тохитой сайхан автобусаар хөнгөлөлттэй үнээр үйлчилж бидний аюулгүй зорчих, амжилтаа түүчээлэх боломж олгосон Л.Сэнгэсамбуу захиралтай ТНХ ХХК -ний хамт олон, жолооч Д.Амарболд, Б.Одонхүү нартаа баярласан талархсанаа илэрхийлье.
Хүндэтгэсэн: МУГЖ Э.Цэрэвийн нэрэмжит Увс аймгийн “Ойрад” Хөгжимт Жүжгийн Театр -ийн дарга Б.ЛХАГВАСҮРЭН болон уран бүтээлч хамт олон
















Сэтгэгдэл үлдээх