Өнөөгийн Увс аймгийн хөгжлийг энэ л хүмүүс бүтээж босгож байсан даа. Он цаг улиран өнгөрөвч түүх мартагдахгүй.Та бид одоо ч тэдний бүтээж босгосон Улаангом хотын дундуур алхаж байна. Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 99 жилийн ойд зориулан Увс аймгийн “Барилгачдын холбоо”-ны тэргүүн, “Барилгын инженерүүд” ХХК-ийн захирал Л.Рагчаадорж гуатай түүх өгүүлэн хүүрнэв.
-Танд Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 99 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Таны ажлын анхны гараа хаанаас эхэлсэн бэ?
-Би ч гэлтгүй… бид өдөр нь мэргэжлийнхээ чиглэлээр ажиллаад оройн цагаар сураад л явдаг байлаа. Бид бүгдийг нь эхнээс сурч байлаа. Тэгж байж мэддэг онол, дадлага туршлага хослуулсан “жинхэнэ” инженерүүд төрөн гарч байсан юм. Анх би цахилгааны монтёрын ажил хийж эхэлж байлаа. Тэгээд бодохоор 11 Нутгийн хүн ёстой л барилгын салбарын бүхий л хэсэгт ажиллаж байсан байгаа юм. Одоогийн инженерүүд зарим нэг хэсэг нь наад захын бичгийн чадваргүй л төгсөн гарч байна. Манай компанид 2-3 жил сураад ажиллаад ихийг сурч байгаа тэгсэн хирнээ юу ч болоогүй сураагүй байж цалин хөөгөөд явчих юм. Бас бүгд ч биш л дээ. Сурч бүтээх хүсэл эрмэлзэлтэй залуус их байна аа тэднийг үгүйсгэж бас болохгүй. Гагцхүү тэднийг зөв зам голдиролд нь оруулах ажил мэргэжлийн амт чанарыг таниулах зөвлөн туслах чиглүүлэх мэргэжлийн туршлагатай баг хамт олон чухал шүү дээ. Тэр үеийн дарга, сэхээтэн ажилтан гэхгүй бүгд л намын жанжин шугамаар явж өндөр хариуцлагатай ар гэрээ мартах шахам ажлын талбарт зүтгэдэг тийм л хөдөлмөрч зарчимч нийгэм байлаа. 1988 онд үйлдвэрийн бааз ашиглалтад орж ёстой л хөдөлмөрийн шинжлэх ухаан хөгжиж байсан сайхан үе байсан. Тухайн үед үйлдвэр, барилга хотжилт жинхэнэ утгаараа цэцэглэж байсан. Тэр үед бидний барилгачид “жинхэнэ” багаар хамтран ажиллаж байлаа даа.
– Та бүгдийн бүтээн босгож байсан Улаангом хот одоо харахад ямар сэтгэгдэл төрүүлдэг вэ?
Үгээр хэлэмгүй сайхан. Би өглөө бүр барилгачдынхаа, үе үеийн хөдөлмөрчин ард түмнийхээ босгосон хотдоо аз жаргалтай, өнөр өтгөн амьдарч байгаадаа талархдаг. Миний үеийн барилгачдад маань ч бас тийм мэдрэмж төрдөг байх. Би яг өөрийнхөө гараар босгосон байшиндаа, ажил хөдөлмөр ундарсан шижигнэсэн сайхан залуусаараа бахархаж Хархираа, Түргэний уулсаа цонхоороо харж баясдаг. Бидний босгосон Улаангом хотод ач зээ нар үр хүүхдүүд минь өсөн торниж амьдрал үргэлж гэрэл гэгээтэй буцалж байгаад баярладаг. Барилгачид бол баатрууд. Дайны үед цэрэг эрс минь эх орноо хамгаалан тэмцдэг бол бид энхийн цагт хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтыг хийж үргэлж “Хөгжлийн манаанд” зогсдог баатрууд шүү. Бидний хамтдаа бүтээлцсэн түүх Мөнхийн юм шүү.
-Нутгаасаа өөр газар ажиллаж амьдрах хүсэл байсан уу?
-Хөгшин аав 3-р курсийн амралтаар ирээд бид хоёр морьтой Тээлийн гол гарч явтал
“ Сургуулиа орхи, 13 жил сурлаа. Нутагтаа оч аав ээждээ тусал гээд загнаж байсан санагддаг юм. Би ч таг дуугүй сонсоод явж байснаа “ олон жил сурлаа үр шимээ хүртэнэ. Та нар жаахан тэсээд хүлээж бай” гэхээс өөр үг хэлж чадаагүй. Дахиад дээд сургуулиа төгсдөг жил цахилгаан станцаас намайг ажилд авна гээд дарга нь манай багшид санал болгоход би “нутагтаа очно, аав ээждээ хүрнэ” гээд тас зөрөөд л ирсэн. Манай багш “хөдөө очиж хатаад яах нь вэ, хамаг л хүмүүс хотод үлдэх гэж зүтгэж байхад чи яахаараа мэргэжил мэдлэг сайтай хүн хотод ажилд ор гээд уриад байхад үлдэггүй хүн бэ гээд л уурламар аядаж байсан. 1981 Герман руу 6 сарын курсанд керамикийн үйлдвэрийн 8 сурагчийг авч явсан тэгсэн дараа нь бас “энд үлд” гээд л мундагдаж байсан. Би ч үгүй л гээд дахиад л зөрөөд нутагтаа ирсэн дээ.
Тэгээд бодохоор нутаг амьтай л хүнээ би. Сургуулиа төгсөж ирээд одоог хүртэл аймаг орон нутгийнхаа бүтээн байгуулалт, хөгжилт цэцэглэлт, бас уналт сэргэлт муу, сайн бүгдийг харж босголцож ирсэн. Энэ ажил мэргэжилдээ би дуртай. Энэ насны минь амьдралын утга учир шүү дээ. Би одоо жаргалтай байна. Өдий хүртэл босгож бүтээсэн хөгжил цэцэглэлтээ харан алхаж хажуугаар нь өнгөрөх бүрдээ цээж дүүрэн амьсгалж бахархалтай зөрдөг дөө.
–Нэг хэсэг нийгмийн ороо бусгаа цагийн салхинд бүхий л салбарууд ганхаж тарж бутарсан. Танай барилгын салбарын хувьд хир хүнд жилүүд байсан бэ?
-Тэр үед барилгын салбар хүнд байсан. Цаг үеийн байдал, нийгэм солигдож хувьчлагдан тарж бутарсан. Зарим нэгэн малчин боллоо, ганзагын наймаанд ч орлоо. Сайхан сайхан мэргэжил мэдлэгтэй инженерүүд, ажилчин анги бүгд л тарсан даа.1990-2001 он хүртэл “тэг” зогсолт байсан. 2001 оноос бага зэрэг сэргэх хандлага гарч ойр зуурын барилгын засвар энэ тэрүүхнийг хийдэг 4,5-ын зэрэг компани байгуулагдаж эхэллээ.Тэр үед барилгын салбарын 75 жилийн ой болж нэгдсэн зохион байгуулалтгүй болсон салбарыг босгох том албанд томилж барилгын салбарын даргаар томилогдлоо. Ер нь олон зүйлийг зангидан бүтээж босгох гэж их зүтгэсэн. Зүтгэл, шаргуу хөдөлмөрийнхөө үр дүнг хүн хүртдэг юм билээ.
-Танд их баярлалаа.. Надад энэ мөч хором үнэ цэнтэй байлаа. Улс эх орондоо хийсэн бүтээсэн гавьяатай ажилч хөдөлмөрч хүний тухай сонирхолтой түүхийг сонсож сууна гэдэг аз завшаантай хэрэг боллоо. Урт насалж үр ач нарынхаа дэргэд он удаан жил жаргаж хамт байгаарай







Сэтгэгдэл үлдээх