Монголын бурхан шашны тэргүүн хамба ламтан, Гаадан багш сонгодог 10 ухааны орон буюу уламжлалт мэдлэг ухааны салбарт Зая Бандидыг залган гарсан бичгийн их хүмүүн билээ. Тэрбээр ухаан төгс мэргэдийн бэхийг үл хатаасан их ухааны эрдэмтэн хүн хэмээн түмэн олон сүслэн биширдэг.
Хамба ламтан Гаадан багш 1923 онд Увс аймгийн Сагил суманд төржээ.Бага балчир насандаа Төгсбуянтын хүрээнд шавилан сууж Бурхан багшийн сургааль зарлигаас хүртсээр урьд төрлийн сайн заяаны авьяас нь дэлгэрсэн түүхтэй
Ороо бусгаа цагийн эрхээр орон сүмийг сүйдлэх үест, цагийн аясаар хар хүний үйлд орсон боловч бичиг ном, сургууль соёлын үрийг тууштай мөрдсөн байдаг.
Төвд бичиг үзэж, Бурхан багшийн шашны төгс номлол сургаалд нэвтэрч МУИС-д суралцан улмаар төвд хэл, утга зохиолыг судлан шинжлэх, Бурханы номлол сургаалийн мөн чанарыг танин мэдэх мэдлэг, ухаан тэлжээ.
МУИС-ийг төгсөөд тус сургуульдаа багшлах үед Дорж багшийнхаа ном эрдмийг өвлөж авсан гэдэг. Төгсбуянтын хүрээний ловон ах лам Сангарваас уламжилсан Бурхан багшийн шашны номлол сургаалийг Монгол улсын өнцөг булан бүрээс ирсэн оюутнуудад төвд хэлт утга зохиолоор дамжуулан зааж сургаж байжээ.
1980-1990 оныг хүртэл Монголын бурхан шашны төв Гандан хийдэд шашин номын үйлийг удирдан жолоодох болсон агаад Гаадан багш бээр Дандины “Зохист аялгууны толь” зохиолыг төвд, Монголын мэргэдийн бүтээлтэй жишин шинжилж эрдмийн зэрэг хамгаалсан байдаг.
1980 оноос Улаанбаатарын Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба ламаар 10 жил сууж, 1990 оноос “Мэгжиджанрайсиг” бурхныг бүтээх сангийн захирлаар ажиллаж байжээ. Шашин ба шинжлэх ухааны том зүтгэлтэн тул олон арван шавьтай, олон тооны ном товхимол хэвлүүлсэн эрдэмтэн хүн байв.
2023 онд Гаадан агсны мэндэлсэний 100 жилийн ойг сагил сумынхан өргөн дэлгэр тэмдэглэжээ. Хамба ламтан Гаадан багшийн нэг насны үйл хэрэг нь буян номын цагаан үйл байсан юм.







Сэтгэгдэл үлдээх