Мянга мянган шилдэг шавиа бэлтгэн улс эх орноо хөгжүүлэх гэрэлт үйлсэд хүндтэй гавьяа байгуулсан эрхэм багш бол Гойровын Гомбожав.
Тэрээр 1940 онд Увс аймгийн Давст суманд төржээ. 1964 онд МУИС-ийг физикийн багш мэргэжлээр төгсөж, Улаангом сумын 1,2 дугаар сургуульд физикийн багшаар ажилласан байна. Сурагч бүрийг мэдлэгт хөтлөх багшлах арга зүй, ур чадвар өндөртэй багш байсан бөгөөд түүний заасан хичээл, удирдсан анги бүр 100 хувийн сурлагын амжилттай төгсөж байв.
Боловсролын салбарт “Асуудал дэвшүүлж сургах” аргыг санаачлан хичээл сургалтандаа нэвтрүүлэн үр дүнд хүрсэн түүний туршлагыг Ардын боловсролын яамнаас тусгай товхимол болгон хэвлүүлсэн байдаг. Гавьяат багш Гомбожав багшлах хугацаандаа “Сурган хүмүүжүүлэгч” сэтгүүлд туршилт судалгааны 12 өгүүлэл нийтлүүлж, улсын чанартай онол практикийн бага хуралд 13 илтгэл тавьж, онол, аргазүй, сурах бичиг, орчуулга зэрэг 11 ном хэвлүүлсэн байна.
Гомбожав багш тухайн үеийн багш нараа манлайлан улсын ур чадварын уралдаанд түрүүлснээс гадна 1981-1990 онд Гомбожав багшийн бэлтгэсэн олон шавь нар нь улсын олимпиадад өндөр амжилт үзүүлж байжээ.
Гавьяат багш маань “Шинийг эзэмшихийн төлөө цогцоо зовоох нь жаргал. Нимгэн боловсрол өнгөц мэдлэгээс болж гаргасан алдаандаа хүлээх зэмлэлийг хариуцлага гэхгүй. Шинэ технологийн сахилга бат сахихыг залуус минь хариуцлага гэж ойлгож яваарай” хэмээн захиж сургаж байжээ.
Г.Гомбожав багшийн хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1989 оны 89 дүгээр зарлигаар “Гавьяат багш” цол олгосон байна.
Увс аймгаас төрөн гарсан үе үеийн шилдэг сэхээтэн, эрдэмтдийг соён гэгээрүүлж байсан эрхэм Гавьяат багш Гойровын Гомбожавын түүхэн гавьяа, үйл хэргийн үргэлжлэл болсон Увс аймгийн багш, суралцагчид одоог хүртэл Монгол улсын боловсролын салбарт тэргүүлсээр байгаа билээ.







Сэтгэгдэл үлдээх