Улаангом суманд газар тойрсон маргаан, хүлээлт, бухимдал сүүлийн жилүүдэд хуримтлагдсаар иржээ. Хуулиар нэг удаа үнэ төлбөргүй эзэмших эрхтэй 0.7 га газраа авч чадахгүй олон зуун иргэн байхад, нөгөө талд нь томоохон хэмжээний газрыг давтан авч, дамлан худалдаж ашиг олдог цөөнхийн асуудал иргэдийн дунд шударга бус байдлыг бий болгож байна.
Энэ нөхцөл байдлыг олон нийтийн өмнө ил тод хэлэлцэх зорилгоор Улаангом сумын 9-р багаас сонгогдсон Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Алтансүхийн санаачилгаар иргэдийн оролцоотой хэлэлцүүлэг зохион байгуулжээ.
ИТХ-ын төлөөлөгч Ц.Алтансүх Улаангом суманд газартай холбоотой асуудал системийн шинжтэй болсон гэдгийг онцоллоо.
Тэрбээр “Иргэд хуулийн дагуу авах ёстой 0.7 га газраа авч чадахгүй байхад, зарим хүмүүс нэг бус удаа томоохон хэмжээний газар авч, дамлан зарж ашиг олж байна. Газар бол улсын баялаг, нийтийн өмч юм. Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас гаргасан судалгаагаар Улаангом суманд өнөөдрийн байдлаар өмчлөх болон эзэмших хэлбэрээр 14,039 иргэн газар авсан байна. Үүний 15.6 хувь буюу 2,202 нь 18–35 насны залуус байгаа нь залуу өрхүүдэд газар эзэмших боломж хязгаарлагдмал байгааг харуулж байна. Судалгааны дүнг нийгэм, эдийн засгийн бодит нөхцөлтэй холбон тайлбарлав.
Түүний хэлснээр, дөнгөж амьдралаа эхлүүлж буй залуусын өмнө тулгамдаж буй гол асуудал нь хаана, ямар нөхцөлд амьдрах вэ гэдэг нь. Өнөөдөр Улаангом суманд хашааны үнэ доод тал нь 10–15 сая төгрөгт хүрч, залуусын хувьд зах зээлээс газар худалдан авах боломж бараг байхгүй болжээ. “Залуус өөрийн гэсэн хашаатай болвол банкны барьцаанд тавьж, бизнес эхлүүлэх суурь нь болох боломжтой. Гэтэл газаргүй байгаа нь эдийн засгийн боломжийг нь хааж байна” хэмээн тэрбээр хэлэв.
Өнгөрсөн жилүүдэд газрыг сугалаагаар олгож байсан нь бодлогын алдаа байсан. “төр нийтийн өмнөөс бодлого хэрэгжүүлж байгаа бол иргэдийг аз туршиж сугалаа хүлээдэг байдалд оруулах ёсгүй” юм. Цахимаар явуулсан санал асуулгаар шинээр өрх тусгаарласан 10 айлын 3 нь ямар нэг байдлаар газар авч чадсан бол үлдсэн 7 нь газраа авч чадаагүй гэх баримжаа судалгаа гарсан гэв энэ бодлогын үр дүнг илтгэж байна.

Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Б.Бат-Ерөөлт газар олголт зайлшгүй хууль, журмын хүрээнд явагддаг гэдгийг тайлбарлав.
Тухайн сум, аймаг газар төлөвлөлт хийхдээ эхлээд хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, түүнийгээ цахим системд бүртгэсний дараа нэгж талбаруудыг тодорхойлдог. Үүний дараа сум, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэж, Засгийн газраар батлуулсны үндсэн дээр газар олголт явагддаг байна.
Тэрбээр 2022–2023 онд нээлттэй олгогдсон газруудын мэдээлэл иргэдэд бүрэн ил тод хүрээгүйгээс бухимдал үүссэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. “Авсан нь чаддаг, аваагүй нь хохирдог гэх ойлголт бий болсон. Тиймээс газар олголт зайлшгүй ил тод, олон нийтийн хяналттай байх ёстой” хэмээн онцоллоо.
Түүний мэдээлснээр 2025 онд Улаангом суманд газар шинээр төлөвлөгдөөгүй нь хөгжлийн ерөнхий төлөвлөгөө байхгүйтэй холбоотой аж. Харин 2026 онд цөөн тооны нэгж талбар батлагдахаар холбогдох баримт бичгүүд Засгийн газарт хүргэгдсэн ч шийдвэр нь хараахан гараагүй байна. Одоогийн байдлаар 3,300 гаруй иргэн шинээр газар авах хүсэлт гаргасан бөгөөд эдгээрийг шалгуур, эрэмбийн дагуу шийдвэрлэх шаардлагатай болжээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, залуу гэр бүл, төрийн тусгай албан хаагч зэрэг нийгмийн хэрэгцээ өндөр бүлгүүдийг нэн түрүүнд авч үзэх хэрэгтэй гэв.
Хэлэлцүүлгийн үеэр иргэд өөрсдийн бодит нөхцөл байдлыг илэрхийллээ.
7-р багийн иргэн Б хэдэн жил дараалан өргөдөл өгсөн ч тариалан, жимс жимсгэнийн зориулалтаар хүссэн газраа авч чадаагүй, зарим газрыг бусад хүмүүс хашаалж авсан хэвээр байгааг дурдсан юм.
6-р багийн иргэн П “Манай хүү 4–5 жил хөөцөлдөж байгаа ч 0.7 га газраа авч чадахгүй байна. Харин манай багт өнгөтэй мөнгөтэй хүмүүс том том газар аваад л байна” хэмээн бухимдлаа илэрхийлэв.
Мөн үерийн хамгаалалтын бүс нэрийн дор газрын гэрчилгээ олгохоос татгалзсан атлаа ойролцоох айлуудад олгосон зөрчилтэй шийдвэрүүдийн талаар ч иргэд хөндсөн юм.
Хэлэлцүүлгээр зөвхөн газар бус, инженерийн шугам сүлжээ, зам талбай, бохир, дулаан, цэвэр усны асуудлыг хамтад нь авч үзэх шаардлагатайг иргэд онцоллоо.
3-р багийн иргэн 64-ийн арын замыг өргөтгөж, хоёр эгнээ замтай болговол ирээдүйн түгжрэлийг бууруулах боломжтойг хэлсэн бол 10-р багийн иргэд дэд бүтцийг тэлснээр хашаа, барилга байгууламж барих бодит боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын зүгээс egazargov.mn цахим системээр дамжуулан тухайн газар хэнд, хэзээ, ямар шийдвэрээр олгогдсоныг олон нийт шалгах боломжтойг санууллаа. Иргэн бүр хууль бусаар олгогдсон, зориулалтын дагуу ашиглагдахгүй байгаа газарт гомдол гаргах эрхтэй бөгөөд төрийн албан хаагч эрх мэдлээ ашиглан газар авсан тохиолдолд тухайн шийдвэр хүчингүй болох ёстойг онцлов.
Улаангом сумын газрын асуудал нь ганц нэг иргэний гомдлоор хязгаарлагдахгүй, хот төлөвлөлт, нийгмийн тэгш байдал, иргэдийн оролцоо гэсэн томоохон асуудлуудтай шууд холбогдож байна. Иргэдийн оролцоотой энэхүү хэлэлцүүлэг нь газрын бодлого бодит амьдралтай нийцэж байна уу, эсвэл цөөнхийн бизнесийн хэрэгсэл болж хувирсан уу гэдгийг олон нийтийн өмнө ил тод тавьсан эхний том алхам боллоо. Цаашид энэ асуудал яаж, ямар шийдлээр үргэлжлэхийг Улаангомын иргэд анхааралтай ажиглаж байна.

Сэтгүүлч Т.Алтанминж







Сэтгэгдэл үлдээх