Урилгыг минь хүлээн авч хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочид, хамт олон, анд нөхөддөө чин сэтгэлийн талархал илэрхийлье. Энэ урилга нь Алтансүх гэх хувь хүний урилга бус, харин Монгол төрийн дээд шагнал болох “Монгол Улсын гавьяат багш” хэмээх эрхэм цолыг та бүхэн минь надад хайрласны илэрхийлэл билээ. Та бүхэнтэйгээ мөр зэрэгцэн хамтран зүтгэж ирсний үр дүнд би энэ эрхэм хүндэт цолыг зүүх хувь тохиосондоо маш их баяртай байна.
Надад 2021 оны арваннэгдүгээр сарын 9-ний орой 22:00 цагийн үед “Та Монгол Улсын гавьяат багш боллоо. Эрхэм шагналаа 11 дүгээр сарын 11-ний өдрийн 11:00 цагт хүлээн авна уу” гэсэн мэдээ ирсэн нь одоо ч сэтгэлд тодхон. Тухайн мөчид би ихэд балмагдаж, гайхаж, баярлаж байсан. Удалгүй сургуулийн удирдлагууд маань баяр хүргэхээр хүрэлцэн ирсэн. Тэр үед миний сэтгэл, тархинд хамгийн түрүүнд буусан бодол бол “гавьяаг минь хамт олон маань байгуулж, гавьяатыг нь би зүүх хувьтай байжээ” гэсэн үг байлаа.
Би боловсролын салбарт тасралтгүй 37 жил ажилласан. Ажлын гараагаа сургуульдаа пионерын удирдагчаар эхлүүлж, улмаар багш, сургалтын менежер, сургалтын ахлах менежер зэрэг албан тушаалуудыг шат дараатай хашиж ирсэн. Улсын тэргүүний II сургуулийн алтан үеийн багш, ажилчид, төгсөгчид, суралцагчид, эцэг эх, хамтран ажиллагчид миний хөдөлмөрийн замналын салшгүй нэг хэсэг байлаа.
Мөн миний дунд үеийн хамт олон намайг хурцалж, зүтгүүлж, хоорондоо эрүүл буюу “цагаан” өрсөлдөөн дунд илүү сайн ажиллах урам зориг өгч ирсэн. Алтан үе, дунд үеийнхний нутагшуулсан уламжлал, арга зүй, ур чадварыг өнөөдрийн залуу үе үргэлжлүүлэн авч явж, бидний эхлүүлсэн бүтээсэн бүхнийг цаашид улам өндөрт өргөн хөгжүүлж байна. Ийм гурван үеийн дунд ажиллаж, амьдарч ирсэн нь миний амьдралын хамгийн том бахархал юм. Тиймээс миний энд хэлж буй үгс бол үнэн сэтгэлээсээ хэлж буй үгс гэдгийг энд цугларсан эрхэм хүмүүсийнхээ өмнө онцлон хэлэхэд таатай байна.

Гавьяатын цайнд бэлтгэж байх энэ хугацаанд би өөрийгөө шинээр таньж, ойлгосон. Би өөрийгөө зүгээр л ажлаа хийгээд явж буй хувь хүн гэж боддог байсан. Харин эргэн харвал миний хийсэн бүтээсэн бүхэн хамт олон, нутгийн минь ард түмэн, увсчууд, аав ээж, хамаатан садан, үеийн найз нөхдийн минь дэмжлэгтэй салшгүй холбоотой байжээ. Та бүхэндээ гүн талархал илэрхийлье.
Надад Хархираа II баг сэтгэлд минь мөнхөд бадарч байдаг. Энэ хамт олон намайг гурван удаа итгэл хүлээлгэн аймаг, сумын хурлын тэргүүлэгчээр сонгож байсан нь миний амьдралын бахархал юм. Би Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, пионерын байгууллага, залуучуудын байгууллага, Монголын үйлдвэрчний эвлэлийн байгууллагад идэвхтэй ажиллаж, 27 жилийн турш сургуулийнхаа үйлдвэрчний эвлэлийн даргаар, 20 жил аймгийн үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгчээр ажилласан байна.
Эдгээр он жилүүдийг эргэн бодоход би олон ажил, олон үйл хэрэгт оролцож, нийгмийн амьдралд идэвхтэй, хэрэгцээтэй нэгэн байж явснаа ойлголоо. Мөн энэ хугацаанд олон сайхан хүмүүстэй хамтран ажиллаж, амьдарч ирснээ мэдэрлээ. Шавь нарынхаа хамгийн хайртай багш нь байж, анд нөхдийнхөө дотны хүн, хамт олныхоо дунд хүндэтгэл хүлээсэн нэгэн, ах дүү хамаатныхаа дунд ажилсаг, хөдөлмөрч хүн байж ирснээ энэ шагналын дараа илүү их ойлгож байна.
Энэ бүх сайхан мэдрэмжийг мэдрүүлж өгсөн Монгол Улсын төрийн дээд шагнал “Монгол Улсын гавьяат багш” хэмээх эрхэм цолыг би хайрлан хүндэлж, нэр төрийг нь өндөрт өргөн, хариуцлагатай байхаа та бүхнийхээ өмнө илэрхийлье.
Сэтгүүлч: Т.Алтанминж







Сэтгэгдэл үлдээх