Увс аймгийн Морин спорт, уяачдын холбооноос 2025 оны чансаа өндөр шилдэг есөн хүлгийг зарлахад, Өндөрхангай сумын Цагааннуур багийн уяач Хайсандайн Бямбадоржийн Хонгор азарга амжилтаараа тэргүүлэн, оны ‘Шилдэг азарга’-аар шалгарлаа. Хонгор азарга нь 2025 оны нэгдсэн чансаагаар аймагтаа дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж, аргагүй хурдан хүлэг болохоо тамгалан харуулж байгаа нь энэ юм.

Хонгор азарганы 2025 оны амжилтын цуваа:
-
Увс аймгийн Зүүн бүсийн уралдаанд: Аман хүзүү
-
Завхан аймгийн Ургамал сумын “Говийн бүс” уралдаанд: Айргийн гурав
-
Увс аймгийн Малчин сумын түүхт 100 жилийн ойд: Айргийн гурав
Удам дамжсан хүлэгч эрдэм
Морь сонирхогч түмний дунд энэхүү амжилт нь санамсаргүй хэрэг биш юм. Хонгор азарганы эзэн, уяач Х.Бямбадоржийн өвөг дээдэс бол Өндөрхангай нутгийн нэртэй уяачид билээ. Түүний аав С.Дамбийням нь социализмын үед Өндөрхангай сумандаа олон айраг, түрүү авч явсан туршлагатай уяач байсан бол, ах Д.Цэрэндорж нь мөн л нутаг олондоо шаггүй уяач гэгдэн морьдоо түрүүлгэж, айрагдуулж ирсэн уламжлалтай.
Өнөөдөр энэхүү залгамж халааг Х.Бямбадорж, Ц.Бямбасүрэн нарын залуу уяачид амжилттай үргэлжлүүлж, нутаг усныхаа нэрийг аймаг, бүсийн наадмуудад дуурсгаж байна.

Залуу хүлгийн замналын эхлэл: Хязаалан наснаас “Шилдэг азарга” хүртэл
Хонгор азарга нь даага, шүдлэн наснаасаа эхлэн хурдны шинж нь бүрдсэн амьтан гэдгээ харуулж ирсэн. Түүний өнгөрсөн жилүүдийн амжилтыг эргэн дурсвал:
-
2022 он (Хязаалан): Завхан аймгийн Сонгино сумын 80 жилийн ойд 4-т, Хяргас сумын 100 жилийн ойд 5-д, Өндөрхангай сумын Төрийн их тахилга наадамд 6-д.
-
2023 он (Соёолон): Увс аймгийн Зүүн бүсийн уралдаанд 4-т, Өндөрхангай сумын наадамд Түрүү магнай, Цагаанхайрхан сумын 100 жилийн ойд айргийн 3-т, Улсын начин Д.Тогтохжаргалын наадамд Түрүү магнай, Тэс сумын “ТЕСО” О.Цогтгэрэлийн нэрэмжит наадамд айргийн 5-д.
-
2024 он (Хавчиг): Зүүнхангай сумын 100 жилийн ойд аман хүзүү, Хар тарвагатайн уурхайн 60 жилийн ойд айргийн 5-д.
Ийнхүү нас болгондоо айраг, түрүү алдалгүй хурдалж ирсэн Хонгор азарга 2025 онд аймагтаа шилдэгт багтаж, уясан эзэн, унасан хүүхдээ баярлууллаа.



БОСОО ЦАГААН ХИЙМОРЬТОЙ ХАН ХӨХИЙ НУТГИЙН ХҮҮ ХҮЛЭГ 2 -ИЙГ ОЛОН НААДМЫН ТОРГОН ЗУРХАЙ ИВЭЭХ БОЛТУГАЙ







Сэтгэгдэл үлдээх