Увс аймгийн Малчин сум нь их нууруудын хотгорт орших баяд түмний өлгий нутаг юм.
1925 онд чандмань уулын аймаг байгуулахад Баянмандал уулын хошууны эрх ван жонон бэйлийн нутгийн суурин дээр Өлзийдэлгэр, Баянхайрхан хоёр сум байгуулжээ. Харин 1931 онд энэ хоёр сумыг нэгтгэн Өлзийдэлгэр гэж нэрлэсэн ч 1932 онд засаг захиргааны өөрчлөлтөөр Малчин сум болсон байдаг.
Малчин сум нь Баянмандал, Цалгар, Баянхайрхан, Баян-Эрдэнэ гэсэн 4-н багтай.
670 орчим өрх, 2642 хүн амтай. 407,000 хавтгай дөрвөлжин км газар нутагтай хангай, говь, тал хээр хосолсон Увс, Хяргас нуурын дунд орших Монгол улсын үзэсгэлэнт газрын нэг билээ.
Малчин сум баяд үүлдэрийн хониороо алдартай бөгөөд 1991 онд баяд үүлдэр болгон баталгаажуулсан байдаг. Баяд үүлдэрийн хонь ноос, махны гарц өндөртэй, байгалийн эрс тэс уур амьсгалд тэсвэр хаттай. Баяд үүлдэрийн хуц авахаар энэ нутгийг зорин ирдэг хүмүүс ч олон.
Малчин сумын зон олон эртний тахилгат Баянхайрхан, Дэмбэрэл уулаа шүтэж амьдардаг. Баянхайрхан уулаа 1775 оноос 10 баядын хошуудын ард иргэд тахиж ирсэн түүхэн газар нутаг юм. 1800 оны үед далай лам албан ёсоор тахиж байсан баядын сүрлэг дөрвөн овооны нэг. Энэ овооноос Увс, Хяргас нуур тодхон харагддаг өндөр цэг юм.
Сэтгэгдэл үлдээх