Увс аймгийн САГИЛ СУМЫН нутагт байх Цагаан шувуут уул орчмын бүс нутгийн 35170 га газрыг 1993 онд УИХ-ын 83-р тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авч Дархан цаазат уул болгожээ. Цагаан шувуут уул нь далайн түвшнээс дээш 3496 м өргөгдсөн байх бөгөөд нисэж байгаа цагаан шувуу шиг хэлбэртэй тул ийн нэрлэсэн домогтой.
Цагаан шувуут уулын бүс орчмын нутагт дэлхийд ховордсон цоохор ирвэс, хүдэр аргаль, янгир, халиу, буга 72 зүйлийн хөхтөн амьтан, 2 зүйлийн мөлхөгч, 198 төрлийн ургамал үүнээс 21 төрлийн эмийн ургамал, 396 төрлийн шувуудтай бөгөөд Тус дархан цаазад ууланд 2000 гаруй янгир, 25-32 цоохор ирвэс, 560 халиу буга, цөөн тооны хүдэр, 32 төрлийн хулгана байгаа хэмээн мэргэжлийн байгууллагууд тоолсон байдаг аж.
Цагаан шувуут ууланд байгалийн үзэсгэлэнт хойд Сайгийн хүрхрээ байх бөгөөд сүүлийн жилүүдэд аялагчид олноороо очиж үздэг газар болоод байна. Энэхүү хүрхрээ нь 14 м өндрөөс урсах агаад хүрхрээ хүрэх замд ховор нандин ургамал, ан амьтдыг үзэх зэргээр байгалийн сонин хачныг сонирхох боломжтой юм.
Сэтгэгдэл үлдээх