Увс аймгийн 6 сум энэ 7 дугаар сард түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэж байгаа билээ. Одоогийн байдлаар Завхан, Тариалан, Малчин зэрэг сумууд түүхт ойн баяр наадмаа ёслол төгөлдөр тэмдэглэн өндөрлөж байна. Сум бүр өөр өөрийн онцлог бахархам өв соёл, заншил заншлыг өгүүлсэн баярын нээлт, хурдан морьд, бөх, сур, шагай гээд эрийн гурван наадмаар уралдан наадаж наадамчин олноо цэнгүүлэн баясгалаа.Сум орон нутгийнхаа түүхт ойд зориулан хандив тусламжаа илгээсэн түмэн олны буян заяа, төр улсын түвшин их сүлдний дор хамтдаа бүтээн байгуулж наадаж чадлаа.
Тариалан сумын баяр наадмын нээлт бий биелгээ, урлаг соёлын үзүүлбэр нь наадамчин олны сэтгэлийг огшоож нижигнэсэн алга ташилт уул талыг нүргэлэн хадааж байсан бол түмэн тэмээт нутаг Завхан сумын түүхт 100 жилийн баяр наадмын үйл ажиллагаа зохион байгуулалт сайтай ёслол төгөлдөр байлаа. Наадмын дараа төв талбайгаа цэвэрлэж нутаг орноо хүндэтгэн хайрлаж буйг илэрхийлсэн төдийгүй Завханчууд хамтран нэгдэж баярлаж, наадаж чаддаг гэдгээ харуулсан юм.

Эрдэмтэн мэргэд, хүчит бөхчүүдийн өлгий нутаг Малчин сумын баяр наадам ёстой л дэнж хотойтол сайхан наадаж үндэсний бөхийн барилдаанд Монгол улсын Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, улсын начин Д.Энхбаяр үзүүрлэсэн байна.
Тариалан сумын үндэсний бөхийн барилдаанд улсын начин Очирбатын Түмэн түрүүлж, улсын начин үзүүрлэжээ.Өсвөрийн бөхийн барилдаанд Увс аймгийн Тэс сумын харьяат Энхболд түрүүлж, Төгөлдөр үзүүрлэсэн байна. Харин Завхан сумын үндэсний бөхийн барилдаанд улсын харцага Т.Баасанхүү түрүүлсэн бол өсвөрийн барилдаанд хүү Б.Мөнхбат үзүүрлэж хурсан олныг баясган цэнгүүллээ.
Давст, Түргэн, Сагил сумын баяр наадам үргэлжлэн болох бөгөөд одоогийн байдлаар Даяар алдарт Давст сумын түүхт 100 жилийн ойн Сур харвааны төрөлд Увс, Багахангай, Орхон, Ховд, Завхан, Хөвсгөл зэрэг 10 аймгийн 150 гаруй харваачид 2 өдрийн турш 40 сум тавьж цэц мэргэнээ уралдуулсан байна. Сур харваанд Тэгшжаргал /эрэгтэй ангилал/, Б.Ану /эмэгтэй ангилал/ нар 1 дүгээр байр эзэлж тус бүр 400,000 ₮ төгрөгийн бай шагнал хүртээд байна.







Сэтгэгдэл үлдээх