Увс аймагт хүүхэд, залуусын оюуны чадвар, сэтгэн бодох хурд, ой тогтоолтыг хөгжүүлэх зорилготой “Оюун ухааны наадам–Увс 2026” арга хэмжээ 4 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Наадмын ерөнхий удирдамжийг 6 төрөл, 14 ангиллаар боловсруулан 2 дугаар сарын 24-ний өдөр баталсан бөгөөд 3 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд сэтгэх чадварын ангиллын урьдчилсан бүртгэл, мэдүүлгийг авч, ой тогтоолт болон түргэн бодолт, mind games төрлүүдийн бүртгэлийг зохион байгуулсан байна. Харин 3 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд нийт оролцогчдын бүртгэл, баталгаажуулалтыг нээлттэй явуулж дуусгажээ.
Энэ жилийн наадамд сэтгэх чадварын төрөлд 1408 сурагч, спорт өрөлтөд 458 сурагч, кимастер төрөлд 252 сурагч, рубик шооны төрөлд 265 сурагч, ой тогтоолтод 67, түргэн бодолтод 40 сурагч оролцсон бөгөөд давхардсан тоогоор нийт 2492 сурагч хамрагдсан байна.
Наадмын онцлог нь Увс аймгийн 18 сум, Улаангом сумын бүх төрийн болон хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэг, бага сургууль, багийн сургуулиуд 100 хувь хамрагдсан явдал байлаа. Энэ нь орон нутгийн хэмжээнд оюуны спортыг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуусын оролцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал болж өндөрлөлөө.
“Оюун ухааны наадам–Увс 2026” нь хүүхэд, залуусын бүтээлч сэтгэлгээ, логик чадвар, хурдтай шийдвэр гаргах чадварыг хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан, өргөн цар хүрээтэй арга хэмжээ болж чадлаа.
















Сэтгэгдэл үлдээх