Эрээн болон Увс аймгийг шууд холбох тээвэр логистикийн гүүр болж буй “Увс нуур” каргог үүсгэн байгуулагч Н.Нарантунгалагтай ярилцлаа. Тэд 2025 оны дөрөвдүгээр сараас каргоны эхлэн үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлж, богино хугацаанд хэрэглэгчдийн талархлыг хүлээн хэдийнээ Увсчуудын танил болсон билээ.
Бэрхшээлээс ургасан бизнесийн санаа “Би оюутан байхаасаа л бараа захиалгын сургалтад сууж, өөрөө бараа татан авч борлуулдаг байсан” хэмээн Н.Нарантунгалаг яриагаа эхлүүлэв. Тэрээр ажлынхаа хажуугаар ахуйн хэрэглээний бараа, хөнжил, гудасны даавуу зэргийг онлайнаар захиалан борлуулдаг байжээ. Тухайн үед бараагаа Улаанбаатар хот дахь “Нарантуул” зах дээр хүргүүлж, улмаар олон дамжлагаар дамжин Увс аймагт авчирдаг байв. Энэхүү урт, олон шат дамжлагатай үйл явц нь цаг хугацаа болон зардал их шаарддаг байсан нь түүнийг “Яагаад Увс аймаг руу шууд чиглэсэн карго үйлчилгээ байж болохгүй гэж?” хэмээн бодоход хүргэжээ. Энэхүү бодлоо нөхөртэйгөө хуваалцсанаар өнөөгийн бизнесийнх нь суурь тавигдсан байна.

Судалгаа ба гэр бүлийн дэмжлэг Хил дамнасан тээвэр нь эрсдэл, санхүү болон хууль эрх зүйн олон зохицуулалт шаарддаг тул тэд яаран шийдвэр гаргасангүй. Хоёр жилийн хугацаанд зах зээлээ судалж, боломж болон эрсдэлийг нухацтай тооцоолжээ. Энэ үед нөхрийнх нь ах, насаараа тээврийн тэрэг барьсан туршлагатай жолооч, “Дүү нар минь карго нээвэл ах нь машинаараа тусалж, ачаа барааг нь зөөж өгнө” хэмээн урам зориг өгч, хамтран ажиллах санал тавьсан нь том түлхэц болжээ. Ийнхүү тэд анх гурван тээврийн хэрэгсэл, нэг агуулахтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байв.



Найдвартай бүртгэл, шуурхай тээвэрлэлт Тус каргоны үйл ажиллагаа Эрээн хотоос эхэлдэг. Ачаа барааг дотоод бүртгэлийн нэгдсэн системд оруулж, коджуулсны дараа Хятад болон Монголын хилийг дамжин Увс аймагт шууд тээвэрлэгдэн ирдэг байна. Одоогоор Эрээн хотод бүртгэл, ачилт, агуулах хариуцсан дөрвөн ажилтан, тээвэрлэлтийн гурван жолооч, Увс аймагт буулгалт, түгээлтийн дөрвөн ажилтан гээд нийт 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Аюулгүй ажиллагаа, хурд, хариуцлага бол тэдний үндсэн зарчим юм. Хүнд оврын ачааг тусгай кран түрээслэн буулгадаг бол хөнгөн ачааг ажилтнууд өөрсдөө буулгадаг. Үүсгэн байгуулагч Н.Нарантунгалаг өөрөө ачаа буулгалт, түгээлт, тооцоо, тооллого гээд бүхий л шатанд гар бие оролцдог нь ажлын чанарт эерэгээр нөлөөлдөг аж.


Хэрэглэгчдэд ээлтэй үйлчилгээ ба ирээдүйн зорилго “Увс нуур” карго нь ачаа барааг хөнгөн, хүнд, бөөний болон тусгай гэж ангилан, тус бүрт нь уян хатан тариф санал болгодог. Тэдний хамгийн том давуу тал нь 24/7 цагийн үйлчилгээ юм. Ачаа Увс аймагт ирмэгц өөрсдийн хашаанд бууж, шууд түгээлт хийгддэг тул хэрэглэгчид аль ч цагт ирсэн ачаагаа сааталгүй авах боломжтой байдаг.
Үйл ажиллагаагаа тогтворжуулсан тэд 2025 оны есдүгээр сард “Хархираан Бүргэд Ложистик” компанийг үүсгэн байгуулж, албан ёсоор НӨАТ төлөгч аж ахуйн нэгж болон өргөжөөд байна. Энэ нь хил, гаалийн бүрдүүлэлтийг хуулийн хүрээнд бүрэн хийж, харилцагчдадаа улам найдвартай үйлчилгээ үзүүлэх баталгаа болж байна.
Сэтгүүлч: Т.Алтанминж









Сэтгэгдэл үлдээх