2026 оны 1 дүгээр сарын 9-нөөс 16-ны өдрүүдэд Улсын тэргүүний Бөхмөрөн суманд ахмадын сувилалыг амжилттай ажиллуулж, орон нутгийн байгууллагуудын уялдаа холбоо, нийгмийн хариуцлагыг бодитоор хэрэгжүүлсэн сайн жишгийг бий болголоо.
Энэхүү сувилал нь сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг бөгөөд сургуулийн хүүхдийн I улирлын ээлжийн амралтын хугацаанд сургуулийн дотуур байрыг ашиглан ахмадуудад чиглэсэн эрүүл мэнд, нийгмийн цогц үйлчилгээг үзүүлдгээрээ онцлог юм.

Ахмадын сувиллыг зохион байгуулах явцад сумын төсөвт байгууллагууд салбар хоорондын хамтын ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлж, хүний нөөц, орчин, тоног төхөөрөмж, үйлчилгээний боломжоо нэгтгэн ажилласан нь бусад орон нутагт нутагшуулах боломжтой сайн туршлага боллоо.
Эрүүл мэндийн төвөөс уламжлалт болон сэргээн засах эмчилгээ, өдрийн эмчилгээ, эмийн эмчилгээг цогцоор нь үзүүлсэн бол сургуулийн зүгээс дотуур байр, гал тогоо, ээлжийн тогоочоор хангаж ажиллав. Засаг даргын Тамгын газраас хоол хүнсний дэмжлэг үзүүлж, Соёлын төв, номын сангаас урлаг, уран сайхны үйлчилгээ хүргэн, хүүхдийн цэцэрлэг жижүүр тогоочоор дэмжин хамтран ажилласан байна.

Ийнхүү орон нутгийн байгууллагууд өөрсдийн үндсэн үйл ажиллагаанд саад учруулахгүйгээр, нөөц боломжоо оновчтой ашиглан ахмадуудад эрүүл мэнд, сэтгэл зүйн дэмжлэг, нийгмийн халамжийг нэг дороос үзүүлж чадсан нь нийгмийн халамж, орон нутгийн хөгжлийн бодлогын хүрээнд бодит үр дүнтэй, тогтвортой сайн жишиг болж байна.
Сувилалд хамрагдсан ахмадуудын зүгээс хэвтэн болон өдрийн эмчилгээ, үйлчилгээний чанар, хүртээмж сайжирсанд талархал илэрхийлж, цаашид ийм төрлийн сувилал, үйлчилгээг тогтмол зохион байгуулах нь ахмадуудад чухал хэрэгцээтэй байгааг онцлон хэлсэн юм.

Энэхүү ахмадын сувиллын зохион байгуулалт нь орон нутгийн байгууллагуудын хамтын ажиллагаанд тулгуурласан, зардал багатай хэрнээ үр өгөөж өндөр шийдэл болж, бусад сум, орон нутагт түгээн дэлгэрүүлэх бүрэн боломжтой сайн туршлага боллоо.







Сэтгэгдэл үлдээх