Увс аймгийн Баруунтуруун сумын уугуул, үндэсний бөхийн 20 дахь Улсын аварга, олон түмэндээ “ЖУДАГТ БОР АВАРГА” хэмээн хүндлэгдсэн Сүхбаатарын МӨНХБАТ НЬ 1984 оны наймдугаар сарын 24-нд Увс аймгийн Баруунтуруун сумд төржээ.
Түүний аав Сүхбаатар нутаг усандаа нэртэй төртэй сумын заан хүн. Мөн эцгийн талд аймгийн заан цолтой хүн байсан нь түүнийг удам дагасан бөх хүн гэдгийг гэрчилнэ. Аварга нэгэн ярилцлагадаа: “Аав маань биднийг орой болгон гэрийн хойморьт барилдуулна. Хүүхэд л болсон хойно нэгнээсээ давж барилдах гээд их үзнэ. Гэхдээ бөх болох хүн нь би байсан юм шиг байна. Хөдөөгийн хүүхдүүдэд ганц хийдэг юм нь барилдах байсан болохоор, тэгээд ч жаахан бөхийн авьяастай байсан юм шиг ээ. Түүнийгээ өөрөө хичээж мэрийж барилдаад л энэ амжилтанд хүрсэн” гэж харцага болсныхоо дараа ярьсан байх юм.
Тэрбээр 2003 онд Хилийн цэргийн дээд сургуульд урилгаар суралцахаар хотод ирсэн ч конкурсдаад авсан ШУТИС-ын цахилгаан системийн инженерийн ангидаа орж суралцжээ. Улмаар өдөр болгон хичээл номонд дарагдаад барилдах зав гарах манатай болохоор нь дараа жил нь ааваасаа зөвшөөрөл аван “Шонхор” дээд сургуульд орж бөх болох замаа шуудруулжээ.

Түүний бөхийн анхны багш нь Баруунтуруун сумын Эрдэнэтогтох юм. Дараагаар нь хотод ирээд “Шонхор” БТДС-д аймгийн арслан Р.Дамдин багшийн ангид II дамжаанаас орон багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссжээ.

С.Мөнхбат аваргын биеийн өндөр 178 см, 110 кг жинтэй. Том бөхчүүдийн дэргэд бие жижиг харагдах ч түүний уран, хурц, шаламгай мэх өнөөдөр түүнийг энэ амжилтанд хүргэжээ.
Тэрээр 2005 оны аймгийн заан цол хүртсэн. 2006 онд аймгийн заан цолтой 4 давж 5 даваанд нэг нутгийн Улсын заан / Улсын арслан/ Б.Ганбатад өвдөг шороодсон. 2009 онд Улсын начин 2010 онд Улсын харцага 2011 оны Улс хувьсгалын түүхэн яруу алдарт 90 жилийн ойн их баяр наадамд хүчит 1024 бөх барилдсанаас 5 даваанд аймгийн арслан А.Сүмбээг, 6 даваанд аймгийн арслан Ч.Цогбаярыг 7 даваанд Архангай аймгийн Булган сумын харьяат Улсын заан / Улсын гарьд / Д.Рагчааг, 8 даваанд шинээр Улсын заан цолны болзол хангасан Архангай аймгийн Хашаат сумын харьяат аймгийн арслан / Монгол Улсын 22 дах аварга/ Чимэдрэгзэнгийн Санжаадамба-г, 9 даваанд Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат Улсын өсөх идэр начин /Улсын гарьд/ Жанцангийн Бат-Эрдэнэ-г, 10 даваанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат шинээр Улсын арслын цолны болзол хангасан Монгол Улсын начин /Монгол Улсын 21 дэх аварга / Гунаажавын Эрхэмбаяр-г тус тус даван түрүүлж Монгол Улсын 20 дах аварга болсон түүхтэй. Тэрээр улсын баяр наадамд найраанд орж үзээгүй, өөрөө найраа хийж байгаагүй, үнэнч шудрага олны хайр хүндлэлийг хүлээсэн аварга юм.
Энэ талаараа нэгэн ярилцлагад “Би мөнгөнд биш, нэг удаа нөхөрлөлд унасан. Ө.Бат-Орших бид 2 бие биенийхээ бэлтгэлийг хангадаг сайн найзууд” хэмээн хэлж байв.

Түүхэн яруу алдарт улс хувьсгалын 100 101 жилийн ойд 7 даван их шөвөгт үлдэж 10 дах удаагаа шөвгөрөн энэ цагийн хүчтин дундаа 10 шөвгөрсөн анхны бөх болсон билээ.
Амжилт
- 2005 онд Сүхбаатар аймгийн наадамд үзүүрлэж аймгийн заан цол
- 2009 онд Бүх цэргийн наадамд түрүүлж цэргийн арслан цол
- 2009 онд Улсын наадамд 5 давж улсын начин цол
- 2010 онд Улсын наадамд 6 давж улсын харцага цол
- 2011 онд Улсын наадамд 10 давж түрүүлэн улсын аварга цол
- 2012 онд Улсын наадамд 4-ын даваанд оноолтоор наадмын түрүү бөх П.Бүрэнтөгст өвдөг шороодсон
- 2013 онд Улсын наадамд 7 давж шөвгөрсөн.
- 2014 онд Улсын наадамд 5 давж шөвгөрсөн.
- 2016 онд Улсын наадамд 7 давж шөвгөрсөн.
- 2017 онд Улсын наадамд 6 давж шөвгөрсөн.
- 2018 онд Улсын наадамд 7 давж шөвгөрсөн.
- 2019 онд Улсын наадамд 6 давж шөвгөрсөн.
- 2022 онд Улсын наадамд 7 давж шөвгөрсөн.
- 2023 онд
- 2024 онд









Сэтгэгдэл үлдээх