Тариалан сумынхан түүхт 100 жилийн ойн хүрээнд 1855-1925 оны хооронд аж төрж байсан хотон түмний бахархал ноёны бөх У.Цэрэндоржийн дурсгалд зориулсан утга төгөлдөр сүрлэг хөшөөг сумын төвдөө сүндэрлүүлжээ.
Хөшөөг Увс аймгийн Наранбулаг сумын харьяат Ихбанди хэмээх уран барималч бүтээсэн бөгөөд хөшөөний эргэн тойронд ноёны бөх У.Цэрэндоржийн үйл хэрэг, амьдралын нэгээхэн үеийг өгүүлэх зураглал бүхий олон дүрслэлийг шигтгэн чимэглэж өгчээ.
Хөшөөний гол дүрслэл болох ноёны бөх У.Цэрэндоржийг үүлэн хээ дээр дэвж буй нь тэнгэрт нисэн дүүлэх мэт хийморь сүлдтэй бөх болохыг илтгэн бух ноолдооны шаваа дэвээг хийж байгаа дүрслэл байх бөгөөд хөшөөний эргэн тойронд тариа тарих, сарлагийн бухаар газар хагалж, тариагаа сийрүүлж байгаа, харам шидэх, унасан морио өргөж байгаа байдлыг дүрслэхийн дээр, алаг морьтын таригт бэлтгэл хийж байсан авдрын хирийн улаан чулуу зэргийг дүрсэлсэн нь хөшөөг илүү утга төгөлдөр болгож чаджээ. Ийнхүү Увс аймгийн Тариалан сумын ноёны бөх гэгдэх У.Цэрэндоржийн алдар сууг үеийн үед бахархан ярих хөшөө дурсгалыг нутгийн зон олон оршоон сүндэрлүүллээ.







Сэтгэгдэл үлдээх