Гавьяат жүжигчин Элдэвийн Цэрэв нь Увс аймгийн соёл урлагийн хөгжилд төдийгүй Монголын урлагт өөрийн гэсэн орон зайгаа эзэлсэн гавьяатай уран бүтээлч юм.
Тэрээр 1932 онд Увс аймгийн Түргэн сумын нутагт төрж 1945 оноос аймгийн клубт жүжигчин, хөгжмийн багш, найруулагчаар ажиллахдаа Баруун Монголын олон ястны ардын дууг цуглуулан нотлох, зохиолын дуунд ая хийхээр хичээн зүтгэж дууны ая 89, бүжгийн хөгжим 34, хөгжмийн номер 18-ыг бичсэн байдаг. Түүний уран бүтээлүүд нь монгол ардын дуулалт соёл, драм, жүжгийн хөгжим, хүртэл өргөн хүрээг хамардаг.
Э.Цэрэв Увс аймагт анхны үндэсний хөгжмийн хамтлагийн суурийг тавьж, дунд сургуулийн 15 хүүхдээс бүрдсэн хөгжмийн бүлгэм байгуулан, залуу үеийг хөгжмийн урлагт зааж сургаж байжээ. Түүний зохиож найруулсан “Мөнгөн цагаан онгоц”, “Үглээ шаазгай”, “Бөхөөж л байлгүй яахав”, “Наарийч хөөрхөм”, “Бэлчээрт”, “Урин цагийн дуу”, “Нууцаа хүүндэе”, “Идэр Жавхлан” зэрэг ардын болон зохиолын олон дуу нийтийн хүртээл болж, үзэгчдээс өндөр үнэлгээ авч БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1964 оны есдүгээр сарын 1-ний 155 дугаар зарлигаар “Гавьяат жүжигчин” цол олгосон байна.
Тэрбээр Увс аймгийн Ойрад ХЖтеатрыг МУГЖ Элдэвийн Цэрэвийн нэрэмжит болгон нэрлэж түүний алдар гавьяаг Увс нутгийхан мөнхжүүлсэн байна







Сэтгэгдэл үлдээх