Монголын нууц товчоонд “Монголчууд саглагар модыг тойроод, өвдөг газрыг өлтөртөл, хавирга газрыг халцартал тойрон бүжиглэж хуримлав” гэж бичсэн байдгаас харахад Монголчууд бий биелгээг эртнээс уламжлан ирсэн түүхтэйг харуулах юм. Энэхүү соёлын өвийг өнөөг хүртэл үр удамдаа уламжлан үлдээж, өв их соёлыг тээж, түгээн дэлгэрүүлж яваа хүмүүс Тариалан сумын иргэд хотон ястангууд гэвэл хэн ч маргахгүй бизээ.
Бий биелгээ нь тухайн ястан үндэстний ахуй соёл, зан үйлийг уран дүрслэлээр харуулдаг онцлогтой. Жишээ нь хотон биелгээний хэсэг нь газар тариалан эрхлэх үйл явцтай холбон арвай тариаг ургуулж хурааж, цайруулж байгаа үйлийг дүрслэн харуулдаг. Мөн гарын татлага хөдөлгөөн нь бусад ястны биелэгээтэй харьцуулахад огцом, шулуун хурдан байдаг бөгөөд үсэрч, цовхрох хөдөлгөөн багатай суурин дээрээ босож, суух бөгөөд алгаа хавсарч залбирдаг зэрэг нь шашны зан үйлтэй холбоотой ажээ. Биелгээний домог түүхэн уламжлалд ах дүү хоёр залуу хадлан тариагаа усалчхаад явж байхдаа нэгнийгээ хөлөөрөө хавсан салхинд найгаж буй мэтээр биелдэг гэжээ .
Сэтгэгдэл үлдээх