Сарлаг гэдэг ширүүн, догшин, сүрлэг амьтан. Гэхдээ нүүдэлчин ахуйд хамгийн тохиромжтой мал гэж үздэг. Адуу, тэмээг орлоод нүүдэл суудал хийчихнэ. Гурван хошуу бодыг орлож чадах хүчтэн гэдэг. Басхүү ямаанаас дутахгүй ноос, ноолуур, хөөвөр өгнө. Сарлаг хожуу гэршсэн амьтан гэж үздэг бөгөөд бусад малаас илүү догшин, ширүүн тул маллах, саах зэрэгт малчид тэр бүр хэрэглээд байдаггүй.
Харин хатуу хөтүүгээс үл халшран сарлагийг гаршуулж сургаж мал аж ахуйдаа өнөөг хүртэл ашигласаар ирсэн түмэн бол Тариалан сумынхан байдаг. Энэ нь нэг талаас ахуй соёлоо уламжлан дээдэлж яваа өв соёлоо эрхэмлэгч түмэн гэдгийг гэрчлэх юм.
Сарлаг хөллөсөн нүүдлийн цуваа хэцүү бэрх, асга хадтай уулаар даван цаашлах нь сүрдмээр.
Энэ ширүүн догшин, сүрт амьтныг арга эвэндээ оруулан амьдрал ахуйдаа гаршуулан хэрэглэж байгаа нь зон олны тэсвэр хатуужил, тууштай хөдөлмөрч байдлыг илтгэх буй заа.
Сэтгэгдэл үлдээх