Уул усны диваажин Увсын цэнхэр хязгаар нутагтаа ирээд юу үзэж сонирхох төлөвлөгөөгөө гаргаагүй явна уу?
Та бүхэндээ аялалын төлөвлөгөө гаргахад тус болох үүднээс Увс аймагт заавал үзэх 9 гайхамшигт газрыг танилцуулж байна.
1. Увс нуур
Увс нуурын Дархан цаазат газар нь Улаангом хотоос 36 км-т оршино. Увс нуур нь Монголын хамгийн том нуур нийт 3350 га талбайтай, уртаараа 84 км, өргөнөөрөө 79 км. Гүн нь 12-15 м, зарим газраа 29 м хүрнэ. Эргийг нь дагаж тойрвоос 450 км урт. Нас нь 200 сая жил гэж эрдэмтэд тогтоожээ. Увс нуурт Тэс, Нарийн, Хархираа, Түргэн, Хөндлөн, Сагиль, Боршоо, Хандгайт, Торхлиг зэрэг их бага 38 гол цутгана.
Сүүлийн 100 жил нуурын ус нэмэгдэх төлөвтэй байна. Увс нуур д.т.д 759м буюу төв Азийн гадагш урсгалгүй их нууруудын хотгорын хамгийн нам цэг бөгөөд Дорно, Өмнө, Өмнөд Ази Австрали руу нүүдэллэдэг нүүдлийн шувуудын амьдрах орчны нэг хэсэг юм. Нуурын хойд үзүүр ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсад байрладаг. Олон мянган жилийн өмнө оршиж байсан асар том давст тэнгисийн үлдэгдэл ажээ. Энэ нуурын хөвөөг тойрон Тэс, Зүүнговь, Малчин, Наранбулаг, Тариалан, Улаангом, Түргэн, Сагил, Давст зэрэг сумын ардууд нүүдэллэн амьдарна.
Увс нуурын орчмын экосистемийн нуур орчимд өндөглөх болон зусдаг усны шувуудын амьдрах өвөрмөц орчин бөгөөд намрын цагт Төв Азийн усны шувуудын гол цуглаан үүсгэдэг. Увс нуур давстай бөгөөд 1 литр усанд 18.7 гр-н агууламжтай, бөгөөд энэ нь сульфат натрийн ионуудаас бүрдэнэ. Нуурын хөвөө хужир, давс элбэгтэй, зэгс, дэрс, бут, сөөг, өлөн, шагшуурга, бургас, улиас зэрэг ойтой учраас малын бэлчээрт нэн тохиромжтой.
Увс нуурт ногтруу, галуу, хошуу галуу, бор галуу, ангидаг, шар алаг нугас, улаан хүзүүт болон шунхан шумбуур, гэзэгт шумбуур, 362 төрлийн нүүдлийн шувууд дулааны улиралд ирнэ. Увс нуурын сав газарт 72 төрлийн хөхтөн амьтан байгааг эрдэмтэд тогтоожээ. 29 төрлийн загас байх бөгөөд үүнээс алтайн сугасыг (Oreoleuciscus potanini) барьж идэх боломжтой.
Увс нуур, түүний цутгал голуудын ай сав, дагуу хар мод, хуш, улиас, зэгс, чацаргана, чихэр өвс, үхэр манжин зэрэг олон зүйлийн ургамал ургана. Бор гөрөөс, гахай, буга нутагшсаны гадна олон төрлийн жигүүртэн шувууд, загас жараахай байдаг. 245 зүйл шувууд энэ бүс нутагт бүртгэгдсэн бөгөөд нэн ховорт тооцогдох халбаган хошуут, цасч дэглий, ямаан сүүлт, итэлгэн цахлай, ухаа шумбуур, усны цагаан сүүлт бүргэд зэрэг ус намгийн шувууд бий.
Ай савын хамгийн нам цэг далайн төвшнөөс дээш 758.9 м, хамгийн өндөр цэг далайн төвшнөөс дээш 4126 м өргөгдсөн Хархираа, Түргэний ноён оргил юм.
Увс нуурын ай сав нь Сибирь, Төв Азийн газарзүй-уур амьсгалын зааг дээр байрладаг тул температурын маш их хэлбэлзэлтэй: өвөл −58°C хүрч байхад зун 47°C байх жишээтэй.
Увс аймгийн нутаг дэвсгэр дэх, байгалийн өвөрмөц тогтоц, үзэсгэлэнт газар нутаг болох Түргэний уул, Цагаан шувуут, Торхилог, Тэсийн голын адаг, Алтан элс гэсэн экологийн орчин байгалийн цогцолборын хувьд ялгаатай боловч бие биеэнээсээ төдий л алслагдаагүй газар нутгийг хэсэгчлэн хамарсан 679,6 мянган га газар нутгийг УИХ-ын шийдвэрийг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 1994 оны есдүгээр тогтоолоор Увс нуурын ай савын дархан цаазат газар болгосон.
2003 онд Оросын Холбооны Улстай хамтран, Увс нуурын сав гэдэг нэрээр “…Төв Азийн хамгийн том хөндөгдөөгүй усны хагалбар, дэлхийн түүхэнд тод ул мөр үлдээсэн нүүдэлчид Хүннү, Түрэг, Скифүүдийн уугуул нутаг болох Увс нуурын сав нь байгалийн үзэмж төгсөөс гадна 40000 гаруй археологийн дурсгалуудыг агуулдаг билээ…” хэмээн ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэн.
2. Хяргас нуур
Увс аймгийн Завхан, Наранбулаг, Цагаанхайрхан, Малчин, Хяргас сумын нутагт Их нууруудын хотгорт, Ханхөхий нурууны урд хэсэгт, Нуурын гадаргын талбай нь 1407 хавтгай дөрвөлжин километр, хамгийн урт нь 75 километр, өргөн 31 километр, дундаж өргөн нь 19 километр, усны мандал нь далайн төвшнөөс дээш 1028 метр өндөрт оршино.
Хяргас нуур нь тектоникийн хотгорт тогтсон учрахас эргийн шугам хэрчилт ихтэй. Тийм учраас хэд хэдэн нарийн хошуу түрж орсон байдаг. Тэдгээрийн дотор хамгийн том нь Нуурын шугам бөгөөд 7 километр байдаг бол Чацарганы шугам нь 4 километр, Могойн шугам нь 5 километр байдаг.
Нуурын эргээс жаахан гүн рүү ороход 40-50 метр хүртэл гүнзгий болно. Хамгийн гүнзгий нь Чацарганы шугам орчимд 80 метр хүрнэ. Хяргас нуур нь гүн эзлэхүүн зэргээрээ Их нууруудын хотгорын бусад нуураас хавьгүй томд тооцогдоно. Хар ус нуурын системийн дотор хамгийн нам дор орших том нуур бөгөөд Алтайн хангайн уулархаг нутгаас эх авч Их нуурын хотгор руу урсах бүх голуудын төгсгөл болно.
Алтайн нурууны зүүн ба хойд хажуу, Хангайн нурууны баруун хажууг бүхэлд нь хамарсан 170 мянган хавтгай дөрвөлжин уудам нутгаас усжина. Энэхүү талбайгаас эх авсан гол горхинууд Их нууруудын хотгорын бүлэг нууруудаар дамжсаар эцэстээ Айраг нуурт очиж, тэндээс Нуурын хоолой гэдэг ганц хоолойгоор Хяргас нуурт цутгана. Гадагш урсгалгүй тогтмол нуур бөгөөд нуурын мандал асар их ус ууршуулах давсны уусмалаар ханасан байдаг. Түүнд илүүдэл усаа өгөх Айраг нуур нь 143.3 хавтгай дөрвөлжин километр талбайтай бөгөөд Айраг нуурыг Хяргас нуураас 50-80 метр өндөртэй урт ухаа толгод тусгаарлах бөгөөд 5 километр урт, 200-300 метр өргөн Нуурын хоолойгоор холбогдоно.
Хяргас нуурын урд хөвөөнд таваг чулууны булаг, хойд хэсэгт Чоно долоохын булаг, Могойн булаг зэрэг булаг шандтай. Нуурын хойд эрэг дээр Хар тэрмэсийн рашаан хэмээх амралт сувиллын газар бий. Дотор өвчин анагаах рашаан байхаас гадна шаврыг нь эмчилгээнд хэрэглэдэг.
Хяргас нуурын савдаг нь нэгэн том хөх бух байдаг хэмээх домогтой. Тэр бух намар бүр нуурын гүнээс урамдан гарч ирэн аль нэгэн айлын хотонд очно, бух очсон тэр айлын үхэр өсдөг юм гэнэ лээ” гэсэн домог бий.
Хэцүү хад: Аймгийн төвөөс зүүн урагш 230 километр, Завхан сумаас 60 километр зайд Хяргас нуурын зүүн хэсэгт усан доогуур 5-7 километр үргэлжлэх 20 метр өндөр хадан цохио байх бөгөөд түүнийг Хэцүү хад гэнэ. Тэрхүү хадны зарим орой нь уснаас цухуйн гарч арал мэт сүртэй харагдана. Тэрхүү цухуйж гарсан орой нь усны шувуудын диваажин бөгөөд тэнд үүрээ засаж өндөглөнө. Оросын жуулчин А.В.Бурдуков “Хэцүү хад бол байгалийн гойд сонин тогтоц, үзэсгэлэнт сайхнаараа Монголд хоёрдогч нь юм” хэмээн өөрийн тэмдэглэлдээ бичжээ. Хяргас нууранд Алтайн сугас, осман, монгол хадран, хайруус, шар загас зэрэг элбэг тул Хэцүү хаданд үүрээ зассан шувуудын гол хоол тэжээл болдог. Хэцүү хад рүү хүрэх нуурын эрэг орчмын зам сул элс, дэржигнүүр ихтэй тул мосттой машин унаа хэрэглэх нь тохиромжтой.
3. Алтан элсний дархан цаазат газар
Алтан элсний кластср нь Увс нуурын хотгорын зүүн хэсэгт орших Бөөрөг элсний зүүн хэсгийн Алтан элсийг ларна. Талбай нь 177.5 мянган га юм. Элсэн дороос эх аван урсдаг цэнгэг устай гол горхи, булаг шанд, баян бүрдүүд болон элний нүүлт зэрэг яын нөлөөнд автагдаагүй манхан элс, эрт дээр үсийн амьтдын үлдэгдэл, түүхийн дурсгалыг Хадгалан үлдэх зорилгоор улсын тусгай хамгаалалтад авчээ.
Алтан элсний гарал үүсэл нь нэг талаас нуур-пролювийн гаралтаи дөрөвдөгч галавын хурдас, баруун хойт зүгээс байнга үлээх салхиар хийсэн хуримтлагдсантай, нөгөө талаас суурь чулуулгийн өгөршилтэй холбоотой. Энд сөөгөнцөр, дэгнүүлт үстэн, алаг өвс бүхий элсний бүлгэмдэл голлоно.
Уг бүлгэмдэлд хиаг, ерхөг, агь, ганга, цагаан бургас зэрэг ургамал ордог. Элсний урд хаяа дагуу хэсэг, хэсэг нарс, шинэс, чацаргана ургана. Амьтдаас суусар, туулай, тарвага, мануул, атигдаахай байхаас гадна улирлын байдлаас хамаарч усны шувууд ирж зусна. Алтан элс нь дов толгодлог гадаргатай ба түүнийг элсний зүүн хэсэгт элсэн дунд орших Эрдэнэтолгой, Залаа толгой, Хөх толгой зэрэг нам уулс гэрчилнэ. Алтан элсний кластсрт элсэн манхнаас гадна түүнд бэхлэгдэн ургасан бага хэмжээний нарс, шинэс, чацаргана нь маш их юм.
Энд сөөгөнцөр, дэгнүүлт үетэн, алаг өвс бүхий элсний бүлгэмдэл голлоно. Элсний хаяа дагуу хэсэг нарс, шинэс, чацаргана ургана. Суусар, туулай, тарвага, мануул, атигдаахай байхаас гадна улирлын байдлаас хамаарч усны шувууд ирж зусна.


4. Хан Хөхий уулс
Нийслэл Улаанбаатар хотоос 1160 км, Аймгийн төв Улаангомоос 270км зайд алслагдсан. Ханхөхий нурууг 2205 ам километр талбайгаар, Хяргас нуур орчмыг 3320 ам километр талбайгаар 2000 онд улсын тусгай хамгаалалтанд авчээ. Ханхөхийн нуруу нь цөлийн хээрийн бүс нэмэгдэх үйл явцыг хязгаарладаг экологийн тэнцвэрийг хадгалахад чухал ач холбогдолтой газар юм. Хангайн нурууны баруун хойд залгаа болж оршино. Оргил нь Дуулга уул бөгөөд далайн төвшнөөс дээш 2928 метр өндөр.
Хан Хөхий уул нь ой мод, ус, гол элбэгтэй томоохон уул бөгөөд Увс аймгийн Зүүнхангай, Өвөрхангай, Цагаанхайрхан сумын нутагт оршдог. Ханхөхийн нуруу нь их нууруудын хотгорлуу түрж орон Увс болон Хяргас нууруудын хотгорыг зааглана. Алмаз эрдэнээс эхлээд олон төрлийн эрдэнэс бий. Эрт дээр үеэс ургамал амьтнаар баялаг гэдгээрээ алдаршжээ. YI-YIII зууны үед Түрэг үндэстнүүд Монгол газар нутаглаж байхдаа Отгонтэнгэр уулаас гадна Ханхөхий уулыг тахин шүтэж байсан тухай баримт байдаг.
1921 онд Ардын хувьсгал ялж, хошуу ноёны үе залгамжлан ноён суух эрхийг устгаж ардчилсан төрийг байгуулж хошуу захиргааг шинэчилж эхэлсний дагуу 1922 онд Засагт хан аймгийн Ханхөхий уулын хошуу нутгийн засаг захиргаа байгуулагдсан.
Хожим 1905 онд Жалханз хутагт Дамдинбазар Ханхөхийн тахилгат овоог шинэчилж хуучин нэрийг нь сольж, олон лам нараар ном уншуулан хуурын магнай дуугаар ая барихад тэр өдрийн үдшээс хур бууж ган тайлагдаж байсан тухай хошууны ноён Лу гүн бичиж үлдээжээ. Энэ хошууны ард түмэн Жалханз хутагт, Дилав хутагт, Нарванчин гэгээн нарыг нутагтаа морилон ирэх бүрт уул овоогоо тахидаг байв. Ханхөхий уул нь 33 овоотой хэмээн түүхчид тэмдэглэн үлдээжээ.
Сумын нутаг дэвсгэрийн 47 хувийг УИХ-ын 2000 оны 127 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авч, Монгол улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 183 дугаар зарилгаар Ханхөхий уулыг төрийн тахилгатай уул болгосон бөгөөд зарлиг бичигт “Элэнц хуланцаас үүсэлтэй энэ сайхан нутгийн сав шим бүхнийг сайтар тэтгэж, буян хишигт мал сүргийг маань үржүүлэн өсгөж, үйлс зорилго нэгт үндэстэн ястан ард түмний маань заяа буяныг тэгшитгэн, хорлол цээрлэл барцад саадгүй хотол даяараа энх тунх эв найртай оршин, далай мэт арвин, тэнгэр мэт тэнүүн жаргаахын өлзий хутгийг дэлгэрүүлж бүрэн улс, сүлдэт төрийг минь бат энх, өнө мөнхөд мандуулахыг сүсэглэн даатгаж айлтгая. Цаглашгүй буянт тугийг өргөн соёрхохыг цагаан тугийн их үйлсийг эзэгнэн захирагч Ханхөхий уулын тэнгэр та таалан болгоогтун. Арвандолдугаар жарны шороон хулгана жилийн зуны адаг шаргачин хонин сарын билэгт сайн шаргачин хонь өдөр” хэмээжээ.
Ардын эмнэлэг болон эмийн үйлдвэрийн үнэт түүхий эд болсон Алтан гагнуур, алтан хундага, юмдүүжин, чацсэржим, рэ гомбо, тэхийн шээг, төлөгч өвс, шархны шар, манчин, хөх шар дэгд, ганга, мэхээр, таван салаа зэрэг эмийн ургамлууд аньс, нохойн хошуу, үхрийн нүд, тошлой, гүзээлзгэнэ, улаалзгана, чацаргана, самар зэрэг анагаах чадвартай амт тансаг жимс жимсгэнэ элбэг ургадаг.


5. Чандмань уулын дурсгал
Улаангомын сав газар бол эртний их түүхтэй, соёл иргэншлийн өлгий болсон нутаг юм. Хархираагийн нуруунаас буусан олон голуудын үржил шимт хөндий. Улаангомын сав нутаг нь нэн эртнээс хүн оршин амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлсэн бүс нутаг байж түүхийн олон үеийн дурсгалыг өөртөө агуулсаар иржээ. Монгол алтайн нуруу, их нууруудын хотгор нь эртний хүмүүсийн өлгий нутгийн нэг байсан нь Монгол төдийгүй дэлхийн хэмжээнд яригдах цөөн хэдэн дурсгалууд эндээс олдсонтой холбоотой. Тэр дундаа Улаангомын хэмээн тодотгогдох Чандманий соёл бол Монгол, Төв ази төдийгүй дэлхий дахины хэмжээнд яригдах бие даасан цогцолбор соёлын нэгэн мөнөөс мөн ажээ.
Эл дурсгал нь хүрэл, төмрийн түрүү үеийн хоёр томоохон иргэншил болох дорнод монголын дөрвөлжин булш, дундад азийн скифийн соёл иргэншилийн холбоосон дээр оршиж тэр утгаараа энэ хоёр соёл иргэншлийн агуулгыг аль алины нь онцлогийг өөртөө агуулсан ихээхэн өвөрмөц онцлог бүхий дурсгал. Монголын төмөр зэвсгийн түрүү үе буюу мэө VII-III зууны үед холбогдох иж бурэн дурсгал бол Увс аймгийн Улаангом хотын дэргэдэх Чандмань ууланд буй цогцолбор соёл юм. Анх 1972 онд Улаангом хотноо газар шорооны ажил хийж байсан хүмүүс барилгын шороо хайрга Чандмань уулын бэлээс авах үед дүнзэн хашлагатай булш ил гарч, ийм булш байгааг олж мэдсэн ажээ.
Чандмань уул далайн түвшнээс дээш 1100 өндөр, улаан боржин чулуунаас тогтсон бөгөөд эртнээс нааш тахилгатай байсан нь олон зүйлээр илэрч байдаг. Мөн онд энэ тухай Г.Жамъян, Т.Бямбадорж нар Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнд мэдээлсэн ажээ. Уг мэдээллийн дагуу доктор Д.Дорж газар дээр нь ирж тандалт үзлэг хийн томоохон дурсгал мөн болохыг нь тогтоож, дараахан Д.Наваан, В.В.Волков нарын удирдсан “Монгол-Зөвлөлтийн хамтарсан хээрийн шинжилгээний хүрэл төмрийн түрүү үе судлах анги” судлан шинжсэн байна.
1972-1974, 1981-1982 онуудад нийт 56 булш малтан шинжилсэн ажээ. Энэхүү дурсгалыг судлан шинжээд эндээс олдсон дурсгалуудыг адил төстэй дурсгалуудтай харьцуулан судлаад бие даасан соёл мөн болохыг тогтоон “Чандманий соёл” хэмээн нэрийджээ. “Чандманий соёл” нь МЭӨ VII-III зуунд холбогдоно.
“Чандманий соёл”-ыг тусгайлан олон жил судалсан хүн бол археологич Л.Цэвээндорж юм. Уулын эргэн тойронд түүхийн олон үед хамаарах 300 орчим булш, хөшөө дурсгалтай бөгөөд 70 гаруй булшийг малтан шинжээд байна. Чандмань уулын булшийг гадаад хэлбэр, булшны зохион байгуулалт, үхэгсэдийг хэрхэн оршуулсан зан үйл зэргийг нь шалгуур болгон дөрөв ангилсан байна.
1. Том дөрвөлжин чулуун далантай булш: Пирамид хэлбэрийн том чулуун далантай булш Чандмань уулнаа арав гаруй байгаа бөгөөд энэ төрлийн булшнаас төлөөлөл болгон хамгийн хойт захын нэгэн булшийг малтан шинжилсэн байна. Энэ булш 10×10 хэмжээтэй төв дундаа 1 м, захаараа 0,5 м өндөр пирамид хэлбэрийн чулуун далантай бөгөөд далангийн суурь, хормойн дөрвөн талыг дунджаар 1,1×0,7×0,5 хэмжээтэй чулуугаар чигжиж овоолон бутээсэн байна. Булшны төв хэсэг дэх бунхнаас хүн амьтны эмх замбараагүйгээр байрласан яс их хэмжээгээр гарсан бөгөөд тонуулчид бусниулсан нь мэдэгдэнэ.
2. Чулуун далантай авсгүй булш: Энэ төрлийн булш нь чулуун далангийн дор 1,3-1,8 м гүнд нүх ухаж дотор нь эр, эм хоёр хүнийг нэгийг нь хөлийг нь атийлган баруун ба зүүн хажуугаар нь хэвтүүлж толгойгоор нь баруун хойд зүгт хандуулсан, нөгөөг нь хоёр хөлийг нь жийлгэж хоёр гарыг нь биеийг нь дагуулан гэдрэг харуулж хэвтүүлээд толгойгоор нь мөн хойд зүгт хандуулсан байдалтайгаар зохион байгуулсан байх ажээ.
3. Жижиг чулуун австай булш: Энэ төрлийн булшнаас Чандмань уулнаа 20 гаруйг малтан шинжилжээ. Эдгээр булш нь газрын хөрснөөс авсыг таглаж тавьсан чулуу нь ил гарсан байдлаар мэдэгдэх бөгөөд 0,8-1 м-ийн гүнээс чулуун авс гардаг. Чулуун авсанд гол төлөв 1-2 хүнийг хоёр хөлийг нь ихэд атийлган баруун буюу зүүн хажуугаар нь хэвтүүлж, толгойгоор нь баруун хойд зүт хандуулан тавьдаг байжээ. Зарим булшнаас хүний бүтэн яс гараагүй боловч антропологийн судалгаанаас үзэхэд хэд хэдэн өөр хүний яс байсан нь их сонирхолтой юм. Энэ төрлийн булшнаас хүрлээр хийсэн бэл, арал, хутга, чинжаал, байлдааны зээтүү, гурван хянгатай шөрөгт зэв, гоёл чимэглэл, гоёл чимэглэл, саадагны гох, ясаар хийсэн шөрөг, хавтгай ясан ялтас, сумны ясан зэв, төмөр хутга, шөрөг, хадаас, явуу, алаг бөөртэй шилэн эрхи, шавар ваар сав зэрэг эд өлгийн зүйлс олдсон байна.
4. Дунзэн бунхантай шороон булш: Дүнзэн бунхантай булшыг гүн ухаж дотор нь 2,5-3 м орчим урттай бүдүүн шургаагаар дүнзэн бунхан барьж түүнийгээ мод, чулуугаар маш нямбай шаллаж оршуулга үйлдээд бүдүүн урт сургаагаар таглаж хийсэн байна. Бунхан дотор 10 хүртэл хүн оршуулсан байх ба эрэгтэй, эмэгтэй хүн хүүхдийг ч хамт оршуулсан байдаг. Энд оршуулж буй хүнийхээ толгойг баруун буюу баруун хойд зүгт хандуулан хоёр хөлийг ихэд атийлган чулуун дэр дэрлүүлж тавьдаг өвөрмөц зан үйл ажиглагддаг.
Дүнзэн бунхантай булш нь газрын хөрсөн дээр ил гаргаж барьсан далангүй, гаднаас нь хараад булш байна гэж ялгаж таних шинж тэмдэггүй учир тоногдсон нь цөөн, анх хийсэн янзаараа бүрэн бүтэн, дагалдуулж тавьсан эд өлгийн зүйлс нь бүрэн байдаг учир эрдэм шинжилгээний хувьд онц сонирхолтой.
Чандмань уулын булшнаас морь малын элдэв тоног хэрэгсэлд хамруулан авч үзэж болох суран эдлэлийн үзүүрт хийж байсан бололтой хүрэл шахуурга (бөгж) ясан шахуурга, төмөр гархи, хүрэл, төмөр товруу зэрэг эд өлгийн зүйл нилээд олдсон юм. Хүрэл толь нилээд олдсон ба тэдний зарим нь эсгий, давуу гэртэй байжээ.
Толь нь булшинд эр, эм алиных нь ч дэргэдээс олдох ба тэдний сэнж нь ихэд элэгдснээс үргэлж хэрэглэж, байнга зүүж явдаг байсан нь илэрхий. Эдгээр толь бүгд дугуй хэлбэртэй хажуудаа бариул сэнжтэй юм. Толийг чухам хаанаасаа зүүж явдаг байв гэдэг нь жижиг боловч сонирхолтой асуудал билээ. Булшнаас хүрэл толь гол төлөв үхэгсдийн бүсэлхий орчмоос олдох тул түүнийг бүснээсээ зүүж явдаг байжээ хэмээн үзэхэд буган чулуун хөшөөнөө зөвхөн зэр зэвсгийн зүйлийг бүснээсээ зүүж дүрсэлдгээс, харин толийг бүснээсээ зүүж дүрсэлсэн нь огт үгүй бөгөөд түүнийг хөшөөний эх биеэнд бүснээс дээш бугануудын дүрснүүдийн завсар хооронд хонхойлгон цохиж урласан байдаг билээ. Үүнээс үзэхэд тэр үеийн хүмүүс толийг хувцасныхаа энгэрт хадаж зүүдэг байсан бололтой.


6. Гоожуурын хүрхрээ
Ховд сумын нутагт Хархираа, Түргэний уулсын баруун урд оршино.Байгалийн үзэсгэлэнт газар. Гоожуурын хүрхрээ 17м өндрөөс унана. Олон нуурын уулс нь д.т.д 3000м өндөр. Мөнх цас, сүрлэг хад уулс, улаан номд орсон нэн ховор ирвэс, аргаль, янгир, буга зэрэг 20 зүйлийн ан амьтан, 30 гаруй зүйлийн ургамалтай. Том жижиг 108 нууртай. Шар, ногоон, сүүн цагаан зэрэг олон өнгөтэй. Мөн Вансэмбэрүү цэцэг харах боломжтой.
7. Мөнгөн цахир уул
Давст сумын төвөөс 50 орчим км-т цагаан саарал өнгийн шохойн гантиг чулуунаас тогтсон мөнгөлөг цагаан өнгөтэй д.т.д 1600 метр өндөрт орших уулыг Мөнгөт цахир уул гэдэг. Монгол улсын дархан цаазат энэ уулын аманд байрлах зурагт буга, янгир ямаа, олон тооны тамга тэмдэг, хүний нүүрийг дүрсэлсэн байдаг.
Уулын зүүн талын аманд хадны дээд хэсэгт эгц урдаас нь харсан хүний нүүрийг дугуйд багтаан хөмсөг, нүд, хамар амтай дүрсэлжээ. Түүний доор цаашаа хараад зогсож буй шовгор оройтой малгай өмссөн хүний их биеийн хэсгийг хөвөөлөн гаргасан эдгээр дурсгалыг МЭӨ 3-1 мянган жилд холбогдоно гэж судлаачид үздэг.
8. Дэглийн цагаан уул
Монгол Алтайн нурууны цавчим хаднуудаас үүсэлтэй Түргэний уулсын ноён оргил Цагаан дэглий уул нь далайн төвшнөөс дээш 4096 метр өндөр. Түргэний уулс нь Бөхмөрөн, Сагил сумыг дамжин 70 орчим километр үргэлжлэх уулс бөгөөд Цагаан дэглий уулаас зүүн тийш Хавцалын боом хүртэлх 145.1 мянган га талбайг хамарна.
Цагаан дэглий уул нь ой тайгатай, уулын түргэн урсгалт гол горхиудтай, мөнх цастай, мөсөн голтой, бэлээрээ үзэсгэлэнт нууруудтай, өвөрмөц тогтоц бүхий хадан хясаатай, ховор болон ховордсон ургамал амьтны аймагтай. Энэ уулнаас Түргэн, Буурал, Хархираа, Ямаатын голууд эх авна. Түрэгийн үеийн болон өмнөх үеийн хүн чулуун хөшөөнүүд, хадны сүг зураг, хиргисүүр, булш бунхан, Төгс буянт хийдийн туурь зэрэг түүх соёлын дурсгалуудтай.
Сүүлийн жилүүдэд мөсөн гол нь хайлж татарч байгаа ажээ. 1960-аад оны сүүлчээр зургаан уулчин Цагаан дэглий уулын оргилд авиралт хийж яваад нисч амиа алдсан гунигт түүхтэй. Уулын түргэн урсгалт голуудыг олон удаа туулж гарах шаардлагатай, авирах зам маш хүнд уул ажээ. Хамгийн сүүлд 1975 онд Японы алдарт уулчин Жунго Табэй Цагаан дэглий уулын оргилд амжилттай авирч гарснаас хойш дахин олон улсын болон дотоодын уулчид авираагүй гэнэ.
9. Зураагийн хадны зураг
Увс аймгийн Зүүнхангай сумын төвөөс хойш 14 километрт орших Зураагийн хошууны өвөр талын таван том улаан хадыг “Зураагийн улаан хад” хэмээнэ. Дунд талын хоёр хаданд эртний хүмүүсийн улаан зосоор зурсан зургууд бий.
Эдгээр хаданд нисэж яваа шувуу мэт дүрс, зөв буруу солбисон дэгрээ тэмдэгнүүд, хавирган сар мэт дүрс, дундаа цэгтэй гурвалжин дүрс, Х үсэг мэт дүрс, олон тооны цэг зураас, дугуй цагираг босоо зурааснууд, янгирын толгой бүхий урт иштэй эдлэл, амьтны арьс дэлгэсэн мэт дүрс, алцайж зогссон хүний дүрс, хоёр гараа унжуулан зогссон хүн, цээж их биеийг гурвалжин дүрсээр гаргасан зэрэгцээ хоёр хүн, хоёр гараа дэлгэж нэг гартаа юм барьсан хүн, салаа оройтой малгай өмсөөд бүжиглэж байгаа мэт хоёр хүн, хөлөө өвдгөөр нь нугалан дутуу явган сууж хоёр гараа дэлгээд нэг гартаа ямар нэгэн юм барьсан хүн зэрэг дүрслэлүүд байдаг. Энэхүү дурсгалууд нь шинэ чулуун зэвсгийн үед холбогддог ажээ. Мөн овог отгоороо ан хийж буй дүрслэл бий. Дэлхий дээр ийм утга агуулгатай зураг 2 байдаг бөгөөд нөгөө нь Америкийн Аляскад байдаг байна. Салхи, ус бороо зэрэг байгалийн элэгдэлд орж дүрслэл нь нэлээд бүдгэрсэн байдаг.

Сэтгэгдэл үлдээх