Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 105 жилийн ой, БНМАУ-ын баатар хилчин түрүүч Бэгзийн Гивааны мэндэлсний 100 жилийн ой, Хилийн цэргийн 0245 дугаар ангийн 50 жилийн ойг тохиолдуулан Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын ахмадын хороо, зөвлөлүүдийн дунд “Спортын цогцолбор” тэмцээнийг 2026 оны 03 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Тус тэмцээнийг Хилийн цэргийн 0245 дугаар ангийн ахмадын хороо санаачлан зохион байгуулсан бөгөөд Увс аймаг дахь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахмад ажилтнууд өргөнөөр оролцов. Тэмцээнд нийт 8 багийн 137 тамирчин оролцож, 57 багц медалийн төлөө хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
Тэмцээнд Увс аймаг дахь Хилийн цэргийн 0245 дугаар анги, Баруунтуруун суман дахь Хилийн цэргийн 0311 дүгээр анги, Зүүнговь суман дахь Зэвсэгт хүчний 328 дугаар тусгай салбар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Тагнуулын газар болон Увс аймгийн ахмадын хороо зэрэг байгууллагуудын ахмадын төлөөлөл оролцлоо.

Тэмцээний төрөл тус бүрийн дүнгээр хөзөр, ширээний теннис (эрэгтэй, эмэгтэй), дартс, гар бөмбөгийн төрлүүдэд шилдгүүд тодорч, баг тамирчид амжилттай оролцлоо.
Нийлбэр дүнгээр Увс аймаг дахь Онцгой байдлын газрын ахмадын зөвлөл тэргүүн байр эзэлж, шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан бол удаах байруудад Цагдаагийн газрын ахмадын зөвлөл, Хилийн цэргийн 0311 дүгээр ангийн ахмадын хороо тус тус шалгарлаа.

Мөн тэмцээнд оролцсон бэлтгэл болон чөлөөнд суугаа ахмад ажилтнуудыг Увс аймгийн 100 жилийн ойн хүндэт тэмдэг, Монголын ахмадын холбооны хүндэт тэмдгээр шагнаж урамшуулсан байна.
Ахмад ажилтнуудын дунд зохион байгуулагдсан энэхүү тэмцээн нь байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, ахмад үеийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.







Сэтгэгдэл үлдээх