ЭХЛЭЛ
Тэнгэрийн орон хөгжим эгшиглэж есөн морьтон туг далбаа мандуулж цэнгэлдэхийг тойрон орж ирсэн. Тугийг есөн залуу тосож авсан. Тэргүүн тугийг аймгийн начин Б.Алтангэрэл залж, бусад найман тугийг манай сумын шижигнэсэн найман залуу заан залсан. Энэ нь бөхтэй байхын бэлгэдлийг илэрхийлсэн юм.

ИКЭЛ ЗАЛАХ \хурайлга\
Тусгайлан зассан тайзан дээр өвгөн икэлч сууж байх бөгөөд хүүхэд икэлийг залан хүргэж өгдөг. Өвгөн икэлийг хүндэтгэн аваад цагаан хадгаар толгойг нь ороож икэлээ хөглөж хурайлна. Хоёр талаас хоёр залуу икэлч гарч ирж гурвуулаа икэлээ эгшиглүүлж ёсоо гүйцэлдүүлсэн. Энэ нь өв соёлоо мартахгүй уламжлан хөгжүүлэх, дэлгэрүүлэхийн бэлгэдэл юм

ИХ НҮҮДЭЛ
Тэмээн нүүдэл орж ирдэг. Эхний тэмээ арагтай хүүхэд, дараагийн тэмээ хараач /тооно / ачсанаар нүүдлийн гол зүйлээ зангидсан. Наадмын ерөнхий найруулга “Их нүүдэл” зохиомжтой.
Бурхан халдунаас бууж нүүсэн
Буурал түүхээ ацаад нүүсэн
Малхайн нурганаас малаа хөдөлгөсөн
Манай нүүдэл ут оо ут… хэмээн эхэлдэг. Дөрвөдүүд Бурхан халдун, Улз голоор нутаглаж байгаад нүүсэн цагаас хойшх их нүүдлийг шүлгэн хэлхээгээр холбож, бүжгээр давхар илэрхийлсэн.
Энэ нүүдэл
Дэгэрээ тамгатай, цөгрөг имтэй дөрвөдийн нүүдэл ээ.
-Гунан үхэр өмнөө тууж усны сайнд хүрсэн нүүдэл. \Гунан үхэр 70км зайнаас усны үнэр мэдэрдэг гэдэг\
-Зусаг ямаагаа өмнөө гаргаж бэлчээр сорлосон нүүдэл. \Зусаг ямаа сүргийг хөтлөн хамгийн соргог бэлчээрт хүргэдэг гэдэг\
-Үхэр тугалаан эхлээр тавьж өдөр сөөгүй, өрүүн асхангүй нүүсэн нүүдэл… энэ бүхэнд зан үйл, дом ном, домог хууч, танин мэдэхүй багтсан хэсэг юм

ГАЛАА БАДРААХ
Гал бадраах ёслолыг бүжгээр илэрхийлж, шүлгээр тодотгож өгсөн.
Тулгандаа гал бадрааж
Бүтэн өрх болтхай
Туурга тусгаарлан сууж
Бүрэн улс болтхай… гэж төгсдөг. Ингээд их нүүдэл Алтан хөхийн ар, Хархираан бэл, Цамбагаравын зүүн биеэр буурилан нутаглаад “Алтан хөхийн оргил” дуу дуулснаар шинэ 100 жил эхэлж байгаа юм

Үүний бэлгэдэл нь “Хатад” бүжиг, үргэлжлэл нь “Дөрвөдийн үрс” бүжиг юм. Үргэлжлүүлээд “Чигээчлэх ёсон” болох бөгөөд “Гишгэдэл сайтай хээр” ут дуугаа нутгийн олон дуулснаар сайн цагийн, энх амгалан оршихуй, зуун жилийн түүхэн он цагийн зураглал үргэлжилж байгаа юм

ХУРГАЧИН
Жиргалтай энэ цагийг “Хургачин” бүжгээр илэрхийлж, буман хонины баяр хийж байсан түүхэн он жилүүдийг дүрслэн харуулсан. Бог малын буян хишгийг “Хургачин” бүжгээр илэрхийлсэн бол бод малын буян хишгийг Б.Нарангэрэл “Ажнай” дуугаар илэрхийлж, адуутай, хурдтай байхыг бэлгэдсэн. Морин хуурын гоцлол тоглож түүнийг тойрон “Хос морьтнууд” давхиж байгаа нь адуутай, хурдтай, хийморьтой бас хээмсэг дэгжин оршихын бэлгэдэл билээ

Ингээд “Намирын гол”, “Өмнийн говь нутаг” дуугаа дуулж “Такмоо хайрхан” “Намирын магтуул” дууллыг язгуур урлаг төрлөөр харуулсан. Хөөмэй, архираа, исгэрээ, шогшроо, товшуур, лимбэ байгалийн дуу чимээ зэрэг олон ая данг нэгтгэж дээр нь орчин үеийн залуус сонсох дуртай төрөл болсон үглээ хэсэг нэмж өгсөн. Цааш нь “Дөрвөд бий”, “Жороо” бүжиг орчин цагийн өнгө төрхийг харуулан бүжсэн

АЛТАЙН МАГТААЛ
Багийн түүхээс дэлхийн түүх эхэлдэг
Баянгол, Улиаст, Орлого, Холбоо, Намир
Баринтагтай судар шиг энэ нэрээс
Зуун жилийн түүх зураг шиг бичигддэг… хэмээн эхэлдэг энэ хэсэг бол уул ус, тэнгэр хангайгаа аргадах, бас багийн түүхээс дэлхийн түүх бүрэлддэг хэмээн сэтгэж…
Дэлхийн энгээр тархсан
Дэвэлтэй ахан дүүсээ баясган
Дээд тэнгэр нар сараа аргадан
Дэнж, голоо гоёж САЙХАН НААДААРАЙ хэмээн өндөрлүүлэв

ТӨГСГӨЛ
Төгсгөлийн Баярын жавхаа дээр Өмнөговь сумын бүх газар нутгийн нэрсийг шүлэглэн дуудаж өгсөн. Энэ нь ийм сайхан газар нутаг байгаа учир бид бүхэн тал талаас хурмаж, баярлан цэнгэж байгаа шүү гэдэг утгын илэрхийлэл юм

Шүлэг болсон энэ сайхан нутагт
Дуу шиг амьдарсан элхэн нутгийн түмэн минь
Уул ус нь ивээн тосох
Урин сэвшээ нь илбэн угтах
Ухаан далай буурлуудын түүхэн жим
Удам залгасан үрс нь орших нутагтаа Өмнөговь сумынхаа түүхт 100 жилийн ойн баяр наадамдаа сайхан наадаарай… Нээлтийн тоглолт ингэж хөтөрсөөн

Шүлэг болсон энэ сайхан нутагт
Дуу шиг амьдарсан элхэн нутгийн түмэн минь
Уул ус нь ивээн тосох
Урин сэвшээ нь илбэн угтах
Ухаан далай буурлуудын түүхэн жим
Удам залгасан үрс нь орших нутагтаа Өмнөговь сумынхаа түүхт 100 жилийн ойн баяр наадамдаа сайхан наадаарай. Нээлтийн тоглолт ингэж хөтөрсөн





Энэхүү 100 жилийн ойн нээлтийн тоглолт олон жил судалсан, бодсон зүйлээ хэрэгжүүлэх гэж оролдсон нэг үйлдэл байлаа. Үүнийгээ хэрэгжүүлэхийн тул монголдоо нэртэй сайн найруулагчийг урьж авч ирсэн. Ганчимэг гавьяат бол сумын байтугай олон тоглолт дэглэж байсан туршлагатай найруулагч. Тиймээс гар нийлж ажиллалаа. Бусад 330 суманд болоогүй тийм л тоглолт үзүүлэх гэж зорьсон. Дээр нь зөвхөн Өмнөговь сумын хүнээр тоглолтоо 100 хувь бүрдүүлэхээр мачийсан

Хэрэв Ганчимэг гавьяат ирээгүй бол би үүнийг хийхгүй. Би байхгүй бол гавьяат бас үүнийг хийхгүй. Энэ тийм амар найруулга биш. Хэцүү хатууг даван туулж байж бүтэж байгаа тоглолт юм. Амар юм гэж хаа байх билээ. Тэр дундаа сайн бүтээл их хатууг давж байж өнгө төрхөө олдог. Бид санаж мөрөөдсөн зүйлийнхээ тавин хувийг л хийсэн. Зуун хувь хийхэд их цаг хугацаа хэрэгтэй байгааг ойлгосон

-Нэгт: Эдийн засаг

-Хоёрт: Хүн хүч

-Гуравт: Сэтгэлгээний асуудал

-Дөрөвт: Орон зайн багтаамж нөлөөлсөн

-Шинээр бүтээж байгаа бүхэнд мөнгө хэрэгтэй болно. Тэр бүхнийг бэлэн шийдэх боломж суманд үнэхээр байхгүй. Урлаг соёлд гэж хандив өргөсөн Б.Төмөрчулуун \10 сая\, Ж.Эрдэнэ-Очир \2 сая\, Д.Бааст \сая\, Т.Нямаахүү \500к\, Б.Цэцгээ \500к\, П.Болор \300к\ нарт баярлалаа







-Хэдийгээр дуртай сонирхолтой ч гэсэн тухайн бүтээлээ бүрэн илэрхийлж чадахгүй бол ямарч хэрэггүй болно. Тиймээс мэргэжлийн уран бүтээлчийн орон зай дутагддаг.
-Сэтгэлгээний асуудал хамгийн хүнд нь байсан. Буриадууд шиг үндэсний хувцсаар жигдрэх нь бүү хэл юүдэн малхайгаа өмсөх хүн ховор байна. Иж бүрэн хувцастай хүн гарын арван хуруунд багтахаар болжээ. Г.Бямбажаргал гавьяат маш гоё үндэсний хувцастай дуулсныг таануус харсан байх. Ямар гоё харагдаж байв.
За тэгээд Түмэндэмбэрэл, Жавзан эхч гэх мэт цөөхөн хүн үндэсний хувцастай ирсэн. Холбоо багийн дарга Төмөрхүү бүрэн хувцастай байсан. Гэвч хоцроод нээлтэд оролцож чадаагүй. Хүмүүсийн сэтгэлгээг өөрчлөхөд их цаг хэрэгтэйг ухаарсан



-Наадмын талбайн хэмжээнээс үүдээд сур харвааны үзүүлбэр хасагдсан. Нохойтой, шонхортой анчдын морин үзүүлбэр бас хасагдсан. Наадмын талбай хоёр талыг нээчихнэ гэж бодож байсан юм. Гэтэл бетонон ханатай юм билээ.
Бэлтгэл амар байгаагүй.
Ганчимэг найруулагч надаас:
-Болыш гэдэг чинь ямар утгатай үг вэ гэж асуусан. Юм хэлэхээр –Өө болыш болыш гэх юм. Тэгээд алга болчих юм гэж байсан. Гавьяат бол үйлээ үзсэн үзсэн. Олон газар явж юм үзсэн хүн юм болохоороо “Их юм сурч авлаа” л гэж байлаа. Ухаантай хүмүүс тэгдэг л дээ



Гомбын Намсрай өвгөн икэлчээр сонгогдон бэлтгэгдэж байсан. Гэтэл наадмын өмнөх өдөр би оролцож чадахгүй, аймаг явах ажилтай боллоо гэж хэлсэн. Гэхдээ наадам дээр байж л байлаа. Чухам ямар шалтгаанаар тэгсэн нь бүү мэд. Бид найруулагч, зохион байгуулагчид учир тэр бүх эрсдэлээ тооцоолсон байсан учир өөр икэлч суулгасан.
Б.Нарангэрэл дуулахад морин үзүүлбэр үзүүлэх ёстой байсан. Гэтэл үзэгчид зам хаагаад морин үзүүлбэрийн хүмүүсийг оруулаагүй. Бас төгсгөлийн бүжиг дээр хоёр талаас хүмүүс гарч ирж нэмэгдэж бүжиглэх байсан юм. Гэтэл хүмүүс замыг нь хаасан учир нэг талын бүжигчид талбай руу орж чадаагүй… наадмын талбайд хүмүүс нь багтахгүй зам хаачихна гэдгийг бид тооцоогүй байсан нь бидний алдаа боллоо. Хос морьтон талбайг гурав бүтэн тойрох байсан юм. Гэтэл үзэгчид шахаад морь явах замгүй болсон учир арга буюу морьтой хосуудыг талбайгаас гаргасан. Богино зайнд морьдын явдал гарах боломжгүй байсан гэсэн үг.
Өглөө 7 цагт бүх бүрэлдэхүүнээрээ нийлэх байсан. Гэтэл тог нь тасраад бид үзэж чадаагүй.
Дөрвөн тэмээ хөгжимд дасгаж бэлдсэн байсан. Наадмын өглөө очсон чинь хоёр тэмээгээ алдчихсан:
-Хоёр тэмээ байхад болдуу гэсэн сууж байсан

Тэгээд хажууханд нь байсан Цэжээ буюу Цэнд-Аюуш ахын торомтой, ботготой хоёр ингийг гуйж авсан. Тэр хоёр буйлгүй. Ногтлоод хөтөлсөн л дөө.



Ярихад амар боловч хийхэд амаргүйг юм хийдэг хүмүүс мэднэ. Цагаа тулахаар Намирын гол дууг дуулах хүн олддоггүй юм билээ. Алтанхуяг, Лхамхүү, Оргилмаа гээд дуулж болох бүх хүнтэй ярьсан. Бүгд очихгүй гэсэн. Аргагүйн эрхэнд М.Бямбажав гавьяатын шавийг урьж авч ирсэн.
Икэл залах ёслол, гал тахих ёслол гэх мэт хамгийн чухал ёслолын зураглалыг телевизийн зураглаач нар аваагүй. Үүнийг бид урьдчилан зураглаач нарт танилцуулаагүй нь бас бидний алдаа байсан. Хэлж өгөхгүй болохоор тэд хаанаас юу гарч ирэхийг мэдэхгүй байсан байх. Бас хөтлөлт нь дөрвөдөөр явж байсан болохоор гүйцэд ойлгохгүй байсан болов уу гэж бодож байна. Гэхдээ наадам сайхан болсон. Бид боломждоо тааруулаад үзүүлэх юмаа үзүүлсэн







Дараа дараагийн ажилд сургамжтай боллоо.
Жич нэг зүйлийг нэмж хэлэхэд:
Б.Пүрэвсүрэн гавьяат ма хоёр яриад би нээлт, гавьяат оройны тоглолт хариуцъя гэж тохирсон. Тэр ёсоороо Пүрэвсүрэн гавьяат маш сайхан тоглолт үзүүлсэн. Нэг дуучин нь л нэг асханы тоглолтыг бүрэн хийж чадах хэмжээний арван хэдэн дуучин Намирын буурал дэнж дээр аялгуут дуугаа өргөж Өмнөговь сумын 100 жилийн зорин ирж бүхнийг баясгалаа. Пүрэвсүрэндээ баяр хүргэе







Тал бичээч
Сэтгэгдэл үлдээх