ДАМДИНЫ СҮХБААТАР: УЛААЧААС УЛСЫН ЖАНЖИН ХҮРТЭЛХ ТҮҮХЭН ЗАМНАЛ
Монгол Улсын тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг, Ардын хувьсгалын удирдагч Дамдины Сүхбаатар бол ердөө 30 наслахдаа Монголын түүхийг шинээр бичилцсэн аугаа хүмүүн юм. Түүний амьдрал бол эгэл жирийн ардаас төр, цэргийн гарамгай зүтгэлтэн болтлоо өссөн тэмцлийн түүх билээ.
Товч намтар
-
1893.02.02-нд ядуу ард Дамдины гэр бүлд төрсөн. 15 настайдаа бичиг үсэг суржээ.
-
1911 онд цэргийн албанд орж, пулемёт сумийн даргаар ажилласан.
-
1918 онд эх орноо гаднын түрэмгийлэлээс чөлөөлөх дайнд оролцож баатар цолоор шагнагдав.
-
1919 оны Ардын хувьсгалын удирдагчдын нэг, оросын хувьсгалчидтай холбоо тогтооход онцгой үүрэг гүйцэтгэсэн.
-
1921.03.01-нд МАН-ын анхдугаар их хуралд төлөөлөгчөөр оролцжээ.
-
1921.11 сард ЗХУ-д очиж хоёр улсын хоорондох найрамдлын гэрээнд гарын үсэг зурж, Зөвлөлтийн удирдагч Владимир Ильич Ленинтэй уулзав.
-
1922.07 сард Цэргийн яамны сайд, Бүх Цэргийн жанжнаар томилогдсон.
-
1923.02.20-нд 30 настайдаа таалал төгссөн. (Хорлогдож нас барсан гэж үздэг).
1. Идэр залуу нас
Тэрээр идэр залуудаа Хүрээ, Хиагтын их замын өртөөнд улаач хийж, эх орныхоо газар шороо, ард түмнийхээ ахуй амьдралыг таньж мэдсэн нь түүний ирээдүйн эх оронч үзлийн суурь болсон юм.
2. Богд хаант Монгол Улсын үеийн гавьяа
Түүнийг 1921 онд гэнэт гарч ирсэн гэж үзвэл түүхэн төөрөгдөл болно. Д.Сүхбаатар нь Богд хаант Монгол Улсын цэргийн албанд (1912-1919) зүтгэж байхдаа л өөрийн ур чадвараа үнэлүүлж, шат дараалсан шагналуудыг хүртэж байжээ:
-
1912 он: Хужирбулангийн цэргийн сургуулийг онц төгсөж, Цагаан шилэн жинс, Тогосын отгоор шагнагдав.
-
1915 он: Цэргийн албанд үнэнч шударгаар зүтгэсэн тул Дөрөвдүгээр зэргийн шагнал хүртэв.
-
1917 он: Зүүн хязгаарт Хятадын хар цэрэгтэй баатарлагаар байлдаж, газар орноо ариутган цэвэрлэсэн тул Гутгаар (3-р) зэргийн шагнал хүртэв.
-
1919 он: Хууль шаштир хэвлэх газарт сайн ажилласан тул Дэд (2-р) зэрэгт дэвшив.
3. Ардын хувьсгал ба Зоригт баатар
1921 оны Ардын хувьсгалыг манлайлж, Хиагт хотыг чөлөөлөн, Нийслэл Хүрээнд Ардын засгийн газрыг байгуулсан нь түүний түүхэн дээд гавьяа байлаа. 1921 оны 9 дүгээр сарын 23-нд Ардын Засгийн газраас түүнийг:
“Гурван нүдний тогосын отго, ЗОРИГТ БААТАР цол“-оор шагнасан нь түүний эх орныхоо өмнө байгуулсан гавьяаг төрийн дээд түвшинд хүлээн зөвшөөрсөн хэрэг байв.
4. Олон улсын тавцанд: 1921 оны 11 дүгээр сарын 5
Жанжин Д.Сүхбаатарын удирдсан төлөөлөгчид Москва хотноо Зөвлөлт Орос улстай найрамдлын гэрээ байгуулсан нь Монгол Улсын тусгаар тогтнолыг бататгах дипломат дипломат ялалт байлаа. В.И.Ленинтэй уулзаж, Монголын ирээдүйн талаар ярилцсан нь түүхэнд тодоор үлдсэн юм.
5. Хойч үедээ үлдээсэн гэрээслэл
Түүний хэлсэн “Бидний улс эв саналаа нэгтгэн, нийт нэгэн хүчийг гаргаж, зориглон хөдөлбөөс үл хүрэх газаргүй” гэх үгс өнөөдөр ч монгол хүн бүрийн эв нэгдлийн уриа болсоор байна.
Д. Сүхбаатар насан эцэслэхийнхээ өмнө
„Эрхэм нөхөд та бүхэн одоогийн явуулан буй намын бодлого ба засгийн хэрэг явдлыг уг зорилгод нийлүүлж, ард түмний эрх чөлөөг мандуулж, аливаа дотоод, гадаадын эзэрхэг харгисуудын гар савраас ангижруулан ард түмнийг асран хамгаалах гэгээн замыг удирдан жолоодохыг эрхэмлэ! Миний бие алтан амийг алдавч ариун санаат нөхөд минь залгамжилж, элдэвт хичээн зүтгэж ардын төрийг мандуул!“
Их жанжин Д.Сүхбаатар бол улаачаас цэргийн жагсаалын дарга, жагсаалын даргаас Улсын жанжин хүртэл өөрийн биеэр үлгэрлэн зүтгэсэн жинхэнэ ардын баатар байлаа. Түүний мэндэлсэн энэ өдөр бид тусгаар тогтнолынхоо үнэ цэнийг эргэн санаж, түүний байгуулсан гавьяаг баримттайгаар танин мэдэх нь чухал юм.







Сэтгэгдэл үлдээх