Монголын утга зохиолын сод соён гэгээрүүлэгч, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны “Дутуу хээтэй тооно” жүжгээс сэдэвлэсэн “Задлаагүй захиа” уран сайхны кино дэлгэцнээ амиллаа. Хүлээлт, хайр, эх орон, эцэг хүний жудаг чанарыг өгүүлэх тус бүтээлийн гол дүрийг бүтээсэн жүжигчин, найруулагч Цэрэнгийн Лхагва гуайтай ярилцсанаа хүргэж байна.
Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Задлаагүй захиа” хэмээх энэхүү жинтэй бүтээлийн гол дүрд тоглох санал анх хэзээ ирсэн бэ? Саналыг хүлээн авахад юу хамгийн их нөлөөлөв?
Баярлалаа. Киноны санал надад 2025 оны 3-р сард ирсэн. Зохиолтой нь анх танилцахад л сэтгэл маш их хөдөлсөн. Учир нь энэ бол Монгол Улсын хөдөлмөрийн баатар Б.Лхагвасүрэн гуайн “Дутуу хээтэй тооно” жүжгээс сэдэвлэсэн зохиол шүү дээ.
Би энэ агуу хүний бүтээлүүдэд маш их дуртай. Өмнө нь Увс аймгийн театрт ажиллаж байхдаа түүний 2-3 жүжгийг биечлэн найруулж тавьж байсан болохоор зохиолынх нь амин сүнс, хэл найруулгыг сайн мэднэ. Тиймээс энэ саналыг татгалзахын аргагүй хүндэтгэлтэйгээр хүлээн авсан.
Түүний баргил, дулаан дуу хоолой нь Б.Лхагвасүрэнгийн шүлэг, найраглалыг уншихад маш тохиромжтой байдаг. Тэрээр өөрөө маш “Монголжуу” төрхтэй. Түүний царайнд амьдралын нугачаа, ухаарал, тэсвэр тэвчээр тод харагддаг нь “Задлаагүй захиа” киноны амжилтын нэг үндэс болсон.
Б.Лхагвасүрэн гуайн бүтээлүүд гүн гүнзгий утга агуулгатай байдаг. Энэ киноны эх зохиолын үнэ цэнийг та хэрхэн тодорхойлох вэ?
Энэ бүтээл анх 1980-аад оны сүүлчээр “Холын цагаан манан” нэртэй өгүүллэг болон гарч, дараа нь жүжиг болсон түүхтэй. 1989 онд Ардын армийн театрт Б.Баатар найруулагч тайзнаа амилуулж, тухайн үедээ нийгэмд жинхэнэ дуулиан тарьж байлаа.
Лхагвасүрэн гуай өөрөө “Атаа хорсол намайг ирлэнэ, ая дуу магтаал намайг мохооно…” гэж хэлж, бичиж байсан шигээ л амьдарсан хүн. Тэр агуу хүний үзэл бодол, сүнслэг ертөнц өнөөдөр ийнхүү кино болон амилж байгаад туйлын баяртай байна. Зохиолыг С.Баатарцогт маш чадварлаг хөрвүүлж бичсэн.
Таны бүтээсэн дүр болон киноны гол зангилаа санаа юуг өгүүлэх вэ?
Сүүлийн үед манай кино урлагт гадаад загвар, тэр дундаа Солонгос хэв маяг их давамгайлах болж. Өшөө авалт, буудалцаан, хүн амины хэрэг гардаг кинонууд олширлоо. Гэтэл бидэнд “Монгол аав” гэж хэн бэ гэдэг тэр гэгээн дүр, ноён нуруу үгүйлэгдэж байсан юм.
Миний дүр бол 1939 оны Халх голын дайнд хүүгээ явуулчихаад, “Миний хүү үхээгүй, амьд байгаа” гэсэн чин сэтгэлийн итгэлээр хүлээж суугаа эцэг хүн. Эцэг хүн гэж усыг ширгэтэл үрээ боддог юм аа гэдгийг л энэ дүрээрээ дамжуулж үзэгчдийн зүрхэнд хүргэхийг хичээлээ. Кинонд эх орон, гэр бүлийн хариуцлага, хүний мөс чанарыг маш олон талаас нь хөндсөн.

Танд энэ дүрийг бүтээхэд хувийн амьдрал болон ойр дотны тань түүх хэр нөлөөлсөн бэ? Магадгүй танд маш ойрхон санагдсан байх?
Тийм ээ, надад маш ойрхон сэдэв байсан. Миний авга ах Галсан гэж хүн 1939 онд цэрэгт яваад эргэж ирээгүй юм. Түүний 5 настай үлдсэн хүү Цэдэн гэж хүн аавыгаа 60 гаруй жил хүлээсэн дээ. “Хаа нэгтээ амьд байгаа байх” гэж итгэж, сураг сонсоод л ахыгаа дагуулаад хайж явж байсныг нь би мэднэ. Тэр хүний шаналал, хүлээлт, горьдлогыг би дэргэдээс нь харж өссөн болохоор энэ дүрд ороход тэр дурсамжууд маш их нөлөөлсөн.
Тэрээр найруулагчийн хувиар Б.Лхагвасүрэн агсны бүтээлүүдийг “Ойрад” театрын тайзнаа хамгийн олон удаа, хамгийн амжилттай тавьсан хүмүүсийн нэг юм.
Зураг авалтын явц болон баг хамт олны талаар сонирхуулвал?
Бид Төв аймгийн Зорголхайрхан ууланд зураг авалтаа хийсэн. Тэр гайхалтай байгальд очиход Лхагвасүрэн гуайн шүлгүүд өөрийн эрхгүй санаанд ордог юм билээ. Бид ширээний уншлагаас эхлээд бүтэн жил шахуу ажиллаж, үндсэн зураг авалтаа 10 гаруй хоногт маш эрчимтэй хийж гүйцэтгэсэн.
Б.Батдэлгэр найруулагчийн ухаан, зураглаач нарын ур чадвар үнэхээр бахархмаар байлаа. Сонирхолтой нь найруулагч, зураглаач, гол дүр гээд бүгд Увс аймгийн гаралтай хүмүүс байж таарсан нь биднийг илүү ойлголцоход дөхөм болсон болов уу.
Та урлагт хэдэн жил зүтгэж байна вэ? Олон дүр бүтээв үү?
Би нэг өдөр ч тасралтгүй урлагт зүтгэсээр ирсэн. Эргээд харахад сайхан байна. Би олон кинонд тоглоогүй ээ, ердөө 5-6 кинонд л дүр бүтээсэн. Гэхдээ энэ дүрээ би жинхэнэ “бүтээл” хэвээр нь үзэгчдийн сэтгэлд үлдээхийг хүсэж байна. Тийм болохоор одоохондоо өөр кинонд тоглохгүй гэсэн бодолтой байгаа.
Ц.Лхагва гуай бол өөрөө “амьд түүх” тээж яваа, театрын урлагийн хатуу сургуулиар дамжсан, уран бүтээлдээ маш хариуцлагатай ханддаг жинхэнэ уран бүтээлч юм. Түүний энэ удаагийн дүр Монголын кино урлагт “Монгол аав”-ын жишиг дүр болон үлдэж байна.
Кино үзэгчдэд хэрхэн хүрэх вэ? Залуу үедээ хандаж юу хэлэхийг хүсэж байна?
Кино маань Монгол орны 330 сумаар явж гарна. Нэг зүйлийг онцлон хэлэхэд, энэ кино ойрын хугацаанд ТВ суваг болон IPTV-ээр гарахгүй. Бид зөвхөн бодитоор, үзэгчидтэйгээ уулзаж хүргэнэ.
Тиймээс залуучууд маань энэ боломжийг ашиглаад заавал үзээсэй гэж хүсэж байна. Эцэг хүн гэж хэн байсан юм, ямар хариуцлага үүрч, гэр бүл, малаа хэрхэн хамгаалж ирсэн юм бэ гэдгийг харах хэрэгтэй. Хүүхдүүд ааваасаа айдаг биш, харин ааваараа бахархдаг, хүндэлдэг байгаасай гэж хүсэж байна.
Төрөлх нутагтаа ирж нээлтээ хийсэн сэтгэгдлээсээ хуваалцаач?
Маш сайхан байна. Ховд сумаас 20 гаруй залуус зорьж ирж үзсэнд их баярласан. Бусад сумын иргэд маань ч ирж үзнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ бол жинхэнэ Монгол аав нарын тухай, Монгол сэтгэлгээний кино шүү гэдгийг дахин хэлмээр байна.

Киноны нэр “Задлаагүй захиа”. Энэ нэрний цаана ямар нэгэн бэлгэдэл, магадгүй таны дүртэй холбогдох нууц байгаа болов уу?
“Задлаагүй захиа” гэдэг нь маш том бэлгэдэл. Хүлээлт гэдэг өөрөө хэзээ ч дуусдаггүй, битүүмжтэй зүйл. Энэ нь нэг талаас дайнаас ирэх хүүгийнхээ сургийг горьдсон эцэг хүний сэтгэл бол, нөгөө талаас бидний мартаж болохгүй түүх, өв соёл өнөө үеийн залууст “уншигдаагүй” буюу “задлаагүй” захиа болон ирж байгааг хэлж буй санаа юм. Захидал дотор юу байгааг мэдэхгүй ч, түүнийг хүлээх тэр найдвар хүнийг амьд байлгадаг. Миний дүр ч гэсэн тэрхүү итгэл найдвараараа л өөрийгөө тэтгэж, усыг ширгэтэл үрээ хүлээж байгаа юм.
Цаг гарган ярилцсан танд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе. Таны амьдралын болон уран бүтээлийн дараагийн зорилго юу вэ?
Би түрүүн хэлсэн дээ, энэ дүрээ бүтээл хэвээр нь үлдээхийг хүсэж байна гэж. Тиймээс ойрын хугацаанд дэлгэцийн дүр гэхээсээ илүү энэ киногоороо дамжуулж хөдөө орон нутгийн үзэгчидтэйгээ уулзаж, үзэл бодлоо хуваалцахыг чухалчилж байна. Монгол хүний сэтгэл, түүх, соёлыг тээсэн ийм бүтээлүүд олон төрөөсэй гэж залбирч сууна. Манай баг хамт олныг халуун дотноор хүлээн авч буй нийт үзэгчиддээ, нутгийн зон олондоо маш их баярлалаа. Сэтгэл байхад бүх зүйл бүтдэг юм шүү.
“Задлаагүй захиа” кино бол бидний мартаж болохгүй түүх, гээж болохгүй хүн чанарын хичээл юм. Та бүхэн өөрт ойр байрлах соёлын төвд зочилж, энэхүү гайхалтай бүтээлийг заавал үзээрэй.
Сэтгүүлч Т.Алтанминж







Сэтгэгдэл үлдээх