Улаангом хотын эмнэлэгт эмчийн өрөөнд орж ирсэн охин танихгүй хүнээс зугтаан орилж байв.
Ээж нь утсаа өгмөгц охин таг чиг болж, дэлгэц рүү ширтэн, эмчийн үзлэгийг ч анзаарсангүй. Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн их эмч Б.Баярсайхан “Өдөрт 40-50 хүүхэд үзэхэд олон эцэг эх хүүхдэдээ утсаа өгдөг. Утасгүй бол хүүхэд орилж хашгирдаг, утсаа өгмөгц бүх анхаарлаа түүнд төвлөрүүлж, эмчийг ч анзаардаггүй” хэмээн ярив. Охиныг чагнаж, мэдрэлийн цэгүүдийг нь цочроож үзлэг хийсний дараа эмч хүүхдийн нэг нүд нь сайн анигдахгүй, ам нь баруун тийш хазайсан байгааг ээжид нь тайлбарлалаа. Харин энэ үед охин утсаа ширтсээр эмчийн өрөөний шалан дээр хана налаад суучихав.
Гар утсаа хүүхдэдээ өгөх нь эцэг эхчүүдийн нийтлэг хэрэглэж буй “амар хялбар арга” хэдий ч, хүүхдийн эрүүл мэндэд хор хөнөөлтэй байгааг эмч Б.Баярсайхан анхааруулж байна.
Хүн дэлгэц ширтэхдээ энгийн үеийнхээс зургаа дахин бага нүдээ анивчдаг бөгөөд энэ нь нүд хуурайших, даралт ихсэх, хараа муудах зэрэг сөрөг нөлөө дагуулдаг. Гэвч дэлгэцийн нөлөө зөвхөн бие махбодод бус, хүүхдийн тархи, сэтгэл зүй, хөгжилд ноцтой нөлөөлж буйг судалгаанууд анхааруулж байна. Японы Тохоку их сургуулийн Анагаах ухааны сургуулийн судлаачид 2023 онд хийсэн судалгаагаар нэг наснаас нь эхлэн өдөрт нэг цагаас дээш дэлгэц хэрэглэдэг хүүхдүүд хоёр болон дөрвөн насандаа харилцаа холбоо, асуудал шийдвэрлэх чадварын хөгжлийн хоцрогдолилэрдэг гэж дүгнэжээ.
Монгол Улсад ч дэлгэцийн хэрэглээ эрс нэмэгдэж буйг Үндэсний статистикийн хороо, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 2020–2021 онд хийсэн Олон үзүүлэлтийн бүлгийн түүвэр судалгаа нотолж байна. Уг судалгаагаар 5–17 насны хүүхдүүдийн 53 хувь нь өдөрт хоёр ба түүнээс
дээш цаг ухаалаг хэрэгсэл хэрэглэдэг нь тогтоогджээ.
СЭМҮТ-ийн зөвлөмжөөр хүүхдийг хоёр нас хүртэл нь дэлгэц харуулахгүй, 3-6 настанд 1-1.5 цаг, 6-12 настай бол 1.5-2 цаг харин 13-18 настай бол өдөрт 2-2.5 цагаас хэтрэхгүйгээр дэлгэц үзэх нь зохистой.
Гэтэл дэлгэцийн хэт хэрэглээ нь зөвхөн бие махбодын эрүүл мэндийн асуудал биш, сэтгэл зүй, танин мэдэхүй, боловсролд ч сөрөг нөлөө үзүүлж байгааг Японы Тохоку их сургуулийн 2023 оны судалгаа баталсан. Тус судалгаагаар нэг наснаас нь эхлэн өдөрт нэг цагаас дээш дэлгэц үзсэн хүүхдүүд хоёр, дөрвөн насандаа хөгжлийн хоцрогдолтой байх магадлал өндөр гэжээ.
Сургалтын орчинд ч дэлгэцийн хэт хэрэглээтэй холбоотой асуудал үүсэж байна. Увс аймгийн Цогцолбор I сургуулийн багш С.Ганцэцэг “Сүүлийн 10 жилд сурагчдын анхаарал төвлөрөх чадвар буурч, хичээлийн агуулгаа ойлгохгүй байх нь нэмэгдэж байгаа” хэмээн хэлсэн юм. Тэрбээр хүүхдүүдэд шим тэжээлийн талаар ойлголт өгөхийн тулд “Хүнсний дэлгүүр” сэдвээр туршилтын хичээл зохион байгуулж, бодит хэрэглэгдэхүүн бэлтгэн долоо хоногийн турш оройн цагаар ажиллажээ. Ийм арга барил нь сурагчдын оролцоог нэмэгдүүлж, ойлголтыг гүнзгийрүүлж байгаа ч С.Ганцэцэг багшаас нэмэлт цаг, ихээхэн хөдөлмөр шаардсан ажээ. Тэгээд ч энэ нь ганц хичээлийн төлөөх их хөдөлмөр бөгөөд бүх хичээлд ийм аргаар хичээллэх боломжгүй юм.
Зураг.1 Улаангом сумын Цогцолбор 1-р сургуулийн багш С.Ганцэцэгийн хичээлийн хэрэглэгдэхүүн
Эцэг эхчүүд ч энэ асуудлыг ойлгож эхэлж байна. “Эерэг өөрчлөлтийн түүчээ” ТББ-ын тэргүүн Н.Дуламсүрэн “Дэлгэцээс холдуулах дадлууд” номоор дамжуулан цэцэрлэгүүдэд нөлөөллийн хөтөлбөр хэрэгжүүлсэн нь Баян-Өлгий, Говь-Алтай, Сэлэнгэ гэх мэт зургаан аймагт амжилттай болсон байна. “Би 2018 оноос хойш бага насны хүүхдийг дэлгэцийн донтолтоос хамгаалах чиглэлээр ажиллаж байна. Сэтгэл зүйч нартай олон ярилцлага хийж, донтолт бага насанд суурьшвал хожим сэдэрч, бусад зүйлд хамааралтай болох эрсдэлтэйг ойлгосон. Залуу эцэг эхчүүд харьцангуй хүлээцтэй ч 35-аас дээш насныхан асуудлыг ойлгох нь бага байгааг фокус ярилцлагуудаас харсан. Тиймээс “Дэлгэцээс холдуулах дадлууд” номоо цэцэрлэгийн багш нарын сургалтад ашиглаж, дамжуулан эцэг эхчүүдийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх ажлыг ТББ-аараа дамжуулан зохион байгуулсан” хэмээн Н.Дуламсүрэн ярив. Тэрбээр “Дэлгэцийн донтолт бол суурь эмгэг. Харилцаа холбоо, технологийн түвшинд зохицуулалтууд шаардлагатай. Гэхдээ дэлгэцэд донтохоос сэргийлэх нь гэр бүл, хамт олон, хувь хүний зан үйлийг өөрчлөхтэй холбоотой ажил учраас ТББ-ын санаачилга, эцэг эхчүүдийн оролцоо, Төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа чухал. Ялангуяа эцэг эхчүүд хүүхдүүддээ дэлгэцээ боль гэж шаардлага тавихаас илүү хамтдаа өөр зүйл хийх нь үр дүнтэй байдаг” хэмээн онцолсон юм.
Мөн “Өгөөмөр мэдээллийн товчоо” ТББ-ын хэрэгжүүлдэг “Гэрлээ асаая” менторшип хөтөлбөрийн оролцогч хүүхдүүд “Эцэг эхчүүд өөрсдөө утсаа тавьж чадахгүй хэрнээ биднээс болихыг шаардаж байна. Энэ шударга бус санагддаг” хэмээн үзэл бодлоо илэрхийлжээ.
Дэлхийн жишээ ч анхаарал татаж байна. Австрали улс 2024 онд 16 хүртэлх насны хүүхдийн сошиал медиа хэрэглээг хуулиар хязгаарласан бол АНУ-ын 14 муж 14 хүртэлх насныхныг сошиал медиа хэрэглэхийг хориглосон.
Хүүхдийн дэлгэцийн хэрэглээтэй тэмцэх нь эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид, төрийн байгууллага, ТББ-уудын хамтын ажиллагаа шаардсан асуудал болж байна. Энэ нь шаардлага тавихаас илүүтэй үлгэрлэх, орлуулах, хамтдаа суралцах зан үйлийн өөрчлөлтөөс эхэлнэ.
Сэтгүүлч: П.Энхмаа, Б.Батхүү
Сэтгэгдэл үлдээх