УВС АЙМГИЙН ТЭС СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙГ “УЛСЫН ӨНДӨР СОЁЛТОЙ” ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН МУ-ЫН ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ, КЛИНИКИЙН ПРОФЕССОР, ЭХ БАРИХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ИХ ЭМЧ РЭНЦЭНГИЙН БАДАРЧИЙН НЭРЭМЖИТ БОЛГОЖЭЭ.
1966 онд АУДС-ийг дүүргээд төрөлх сумандаа хүний их эмчийн салбарт эрхлэгч их эмчээр ирж ажилласан цагаас 2011 он хүртэл 45 жил тасралтгүй тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж 15 ортой ядмагхан их эмчийн салбарыг “Улсын өндөр соёлтой сум дундын эмнэлэг” болгон хөгжүүлж бэхжүүлсэн гавъяатай хүн мөнөөс мөн. Р.Бадарч хариуцсан эмнэлгээ ямагт үлгэр жишээч байлгахын чацуугаар сум орныхоо ахуйн соёлжилт, залуу үеийг соёлжуулах, хүмүүжүүлэх үйлсэд сумын нам төр, орон нутгийн байгууллагатай нягт уялдаатай ажилладаг соён гэгээрүүлэгч сэхээтэн юм. IY таван жилийн гавшгайч, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, АХ-ын ойн медалиуд, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одонт Рэнцэнгийн Бадарчид МУ-ын Ерөнхийлөгчийн 2006 оны 7 сарын 6-ны өдрийн 188-р зарлигаар МУ-ын Хүний гавъяат эмч цол хүртээж байсан билээ.
Р. БАДАРЧИЙН 1966-2011 ОН ХҮРТЭЛ ХИЙСЭН АЖЛЫН ТОВЧ ТАЙЛАН
Нэг: Ажлын гараагаа эхэлсэн анхны мөч
Миний бие нь 1966 онд АУДС- ийг их эмчийн мэргэжил эзэмшиж төгсөөд хайртай хань эх баригч бага эмч Л.Пагмаагийн хамт Тэс сумын хүн эмнэлэгт томилогдож эрхлэгч эмчээр ажлын анхны гараагаа эхэлсэн түүхтэй. Эмнэлгийн эрхлэгч их эмч Дүүдэйгээс ажлаа хүлээн авахад Тэс сумын эмнэлэг нь зориулалтын бус 15 өрөөтэй хуучин барилга, өрөө болгоныг гал түлж халаадаг, 1 км зайтай худагнаас хэрэгцээний усаа зөөж хангадаг, буцалгаж ариутгадаг их бага 5 шприцтэй, билүүдэж хурцалж тариа хийдэг 10-аас зүү, даралт үзэх 1 аппараттай байсан даа. Зуны улиралд Нарийны голд нүүж 2 гэр барьж эмнэлэг ажиллуулдаг. Гэр нь шал, шалавч, хаяавч, гадар цагаан бүрээсгүй тохигүй орчинд эмнэлэг үйлчилгээний ажил явуулдаг, 1 пургон машинтай, дуудлаганд явдаг 5 морьтой, төвийн эмнэлэг нь 15 ажилчинтай, 1 бригадад бага эмчийн салбартай, эрхлэгч нь Д.Жамьян сувилагч мэргэжилтэй, 2 бригадад О.Нямжав, 3-р бригадад Б.Замбал, 4-р бригадад Д. Гүнгээ нарын 4 сувилагч хөдөө ажилладаг иймэрхүү эмнэлгийг хүлээн авч ажлаа эхэлсэн. Тэс сум Улаанбаатар хотоос 1500 км, аймгийн төвөөс 180 км зайд алслагдсан, зүүн талаараа Тува АССР-ийн Самгалтайн районтой, хил залган оршдог. Тэр үед Тува улстай нягт харилцаатай байсан учир тус районы Нэгдсэн эмнэлэгтэй холбоо тогтоон хамтран ажиллаж хүнд өвчтнөөс Самгалтайн районд хүргэж эмчлүүлдэг, бас нэн шаардлагатай эм тариаг бидэнд харамгүй өгдөг байлаа.
Тэс сумын төв тус районоос 110 км зайтай, 50 км –т нь асфальтан хар замтай байсан болохоор өвчтөн хүргэхэд аймгийн төв рүү явсанаас илүү амар хялбар байж билээ. Тувагийн эмч нар манай дуудлагаар ирж үйлчлэх нь энгийн асуудал байсан шүү.
Ажиллах хугацаандаа 1972 онд УБ хотод эх барих эмэгтэйчүүдийн мэргэжил олгох, 1982 онд ЗХУ-ын Эрхүү хотод, 1985 онд Улаанбаатар хотод мэргэжил дээшлүүлэх дамжаанд суралцаж, 1989 онд БНХАУ-д гэр бүл төлөвлөлтийн туршлага судлах чиглэлээр суралцаж тэдний арга туршлагыг монгол улсад нэвтрүүлэн зарим үр дүнд хүрч байсанаа эргэн санахад таатай байна.

Хоёр: Багаар ажиллаж багагүй үр дүнд хүрсэн он жилүүд
1966 онд сургууль төгсөж ажлын гараагаа эхэлсэн тэр үед эмнэлэгт шприц, даралтын аппарат хүрэлцээгүй, зулбалт цэвэрлэх багажгүй, яаралтай тусламжийн эм тарианы хангалт муутай байсан тул Самгалтайн районы Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчтэй уулзаж дээрх багаж, эм тариа авч байсны, дээр яаралтай мэс засал хийгдэх өвчтөнийг Самгалтайд хүргэж эмчлүүлэх зөөвөрлөх боломжгүй үед шаардлагатай нарийн мэргэжлийн эмч нарыг дуудлагаар ирүүлж яаралтай тусламж үзүүлж байх гэрээ хийж ажилласан нь үр дүнгээ өгч малчид, иргэд талархалтай хандаж, баярлаж бахархдаг байлаа. 1967 онд эмнэлгийн үйлчилгээг ая тухтай болгохыг эрэлхийлж эмнэлгийнхээ байшингийн 1 өрөөнд худаг гаргаж, 2 өрөөг 1 галын хотолоор халаадаг болгох, халуун хүйтэн усыг байшингийн дээвэр дээр байгаа халуун хүйтэн усны саванд гар насосоор шахаж гаргаад, өөрийн даралтаар ажилладаг цэвэр бохир усны системтэй болгосноор үйлчлүүлэгчид болон ажилчид усанд орох, бие засах ОО-ын өрөөтэй болгож тав тухтай үйлчилгээг бий болгож чадсан юм. Гар аргаар хийсэн энэхүү халаалтын болон цэвэр бохир усны системийг аймгийн Намын хорооны дарга Г.Бизьяа үзээд ихэд сайшааж бусад сумдад нэвтрүүлж ажиллахыг үүрэг болгон үзүүлэх сургууль зохион байгуулж байсан юм. Нарийний голын зусланд шалгүй 2 гэр барьж ажил явуулдаг нь эмнэлэг үйлчилгээний ажлыг явуулахад хэцүү байсан тул аав Б.Рэнцэн, А.Довчин, Т.Балчин нарын хэсэг нөхөд хамтран 1953 онд байгуулсан “Шинэ амьдрал” нэгдэлийн контор, агуулахын барилгыг буулгаж материалыг Нарийний зусланд Ендэртийн баруун дэнж дээр аваачин 5 өрөө бүхий байшинг Б.Рэнцэнээр /Бадарч эмчийн аав/ хариуцуулан Ч.Жавзан /галч/ Д.Жамьяан /сувилагч/ С.Норлоо / жолооч/ нарын хамтаар 1967 оны 5 сард барьж тохижуулан салхи борооноос айхгүй, эмнэлэг үйлчилгээний ажлаа явуулах сайхан нөхцөлтэй болгосон билээ.
Таван улиасны эмнэлгийн зуслангийн барилгыг ихбэлчирт Нарийний голын баруун хөвөөнд байсаныг тэнд айлууд зусдаггүй болсноос бага эмч Д.Басан, сувилагч Д.Жамьян бид 3 уг барилгыг буулгаж айлын ихэнх зусдаг Нарийний голын зүүн хөвөөнд зөөж ажилчдын хүчээр аж ахуйн аргаар 1968 онд барьж эмнэлгийг ажиллуулдаг болгов. Сумын хүн ам өсөж эмнэлэгт төрөлт олширч зуслангийн 5 өрөө байшинд хэвтэх өвчтөн, төрөх эхчүүдэд хүрэлцэхгүй болсоноос Нарийний голд баригдаж байгаа гүүрний поргоны гологдсон нарийнхан дүнзүүдийг зам гүүрийн дарга Тийгад, инженер нараас гуйн авч барилгын рамыг мөн л аав Б.Рэнцэн, Ч.Жаван, С.Норлоо нарын хамт угсарч босгоод шавраар шавах, цементээр өнгөлөх шохойдохыг ажилчдын хүчээр 1972 оны 5 сарын 30-нд дуусгаад 6 сарын 1-нд зуны больницын байшинг ажилд оруулж эмийн санчийн, гал зуухны, угаагчын, няравын, доторын, мэс заслын төрөх эмэгтэйчүүдийн, төрөхийн өмнөх, төрсөний дараах, төрөх өрөөний, хүүхдийн гэх мэтийн 12 өрөө бүхий больницын барилга барьж ажил мэргэжлийн төрөлжсөн өрөөнд ажлаа явуулж хуучин ашиглаж байсан 5 өрөө бүхий байшинг эрхлэгч эмчийн, эмчлэгч эмчийн, дүн бүртгэгчийн, лаборантын тус бүрдээ мэргэжлийн ажлаа хийх, амбулаторийн хэсэг болгон ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан тав тухтай үзлэг, эмчилгээ үйлчилгээний үйл ажиллагаа явуулах сайхан боломж бүрдүүлж чадсан юм.
1975 оноос сумын төвийн эмнэлэг 24 цагаар ажилладаг цахилгаантай болсон тул зусланд нүүж ажиллах шаардлагагүй болсноос сумын төвийн зуслангийн барилгыг цуцаж Хар үзүүрийн эмнэлгийн ажилчдын хүчээр өглөө оройн цагийг ашиглан суботоник хийлгэж Гурван нуурын зусланд 1976 онд барилгыг барьж эмнэлэг үйлчилгээний ажлаа явуулдаг болгосон юм. Гэтэл дээрхи барилгыг 2003 оны намар орой хүртэл, хавар эрт цастайд мал оторлуулсан малчид барилгыг эвдэн модыг нь түлж эмнэлэг ажиллуулах боломжгүй болгосон тул 1, 2, 3, 4-р багуудын ард иргэдээс өөрийн биеэр жолооч Г.Лхайжав, Д.Доржсүрэн нартай хамт явж хандив авч түүгээрэй тоосго, төмөр шимлээр, угольник авч эвдэж түлэх модгүй материалаар хар үзүүрийн эмнэлгийн ажилчидтай хамтран 2004 оны зун 7-р сард байшинг дахин 2 дахь удаагаа барьж ашиглалтанд оруулахдаа тус эмнэлгээр үйлчлүүлдэг хүмүүсийг цуглуулж нутагтаа мэргэн хар гэж хүндлэгдэн шүтэгдэж монгол даяар алдаршсан нэртэй сайн лам Ө.Лхамсүрэн түүний шавь ач А.Бум-Эрдэнэ нараар ном уншуулж, сан тавиулж, аравнайлуулан эмч, сувилагч ажилчдад ёслол төгөлдөр хүлээлгэн өгч, ариг гамтай ашиглахыг ард иргэдэд анхааруулан хүлээлгэн өгсөн. Сумын эмнэлэгт шинжилгээ хийх багаж хэрэгсэлгүй байсан тул Самгалтайн эмнэлгээс цус, шээсний ерөнхий шинжилгээ хийх, микроскоп, лабораторын багаж, эм урвалжийг авч бага эмч Н.Нацагийг лабораторын мэргэжилд сургаж цус шээсний шинжилгээ хийдэг болсноор оношийг баталгаажуулах, тодруулах чухал ач холбогдолтой болсон юм. Мөн тус эмнэлгээс шүдний бахь, багажтай болж шүд цоорсоноос засал авахгүй болсон шүдийг өөрөө авч эмчилдэг болсон. Шприц болон буглаа хагалах, шүд авах эх барихын ойр зуурын мэс ажилбарын багажуудыг стерлизаторт хийж түүнийг 5 талаас нь галын дөлөөр халаах хурдан буцалгадаг зуухыг санаачилан хийснээр шприц, мэс заслын багажуудыг цаг алдахгүй ариутгах боломжийг бий болгосон.
Төрөх эх, асрамжийн хүнд өвчтөн, бие засахад гарсан ялгадасыг нь үнэртүүлэхгүй хлорын шохойтой, таглаа бүхий зориулалтын сав шургуулж, татаж авдаг тосгууртай сандал хийж шинэ санаачлага гаргасан нь одоо ч хэрэглэгдсээр байна. Эх баригч Л.Пагма сум нэгдлийн малчин төрөх эхчүүдийн 26% буюу 65 эх эмнэлэгт төрдөг, 74% буюу 185 эх гэртээ төрж эхчүүд хүндэрдэг, мөн сумын төвд тохилог зочид буудал байхгүй зэргийг харгалзан нэгдлийн дарга Д.Гомбосүрэнд танилцуулан тохиролцож 10 ханатай гэр, унь, тооно, хаалга тавигдах 8 модон орыг мужаан Пэрэнлэйгээр хийлгэж тохижуулан нэгдлийн малчин эхчүүдийг төрөхөөс 7-10 хоногийн өмнө авч ирж эхчүүд амраах байранд амруулж, улмаар эмнэлэгт төрүүлээд нэгдлийн даргын машинаар гэрт нь хүргэж өгдөг болсноор эхчүүдийн эмнэлэгт төрөлт 80-90% хүрч төрөлтийн хүндрэлийг багасгаж чадсан болно. 1975 онд сумын эмийн сангийн байр зориулалтын бус хуучирч муудсан нэгдсэн халаалтаас хол байрлалтай байсаныг аймгийн эмийн сангийн удирдах газарт санал тавьж зориулалтын эмийн сангийн байрыг бариулж сумын нэгдсэн халаалттай холбож ажилд оруулсан.
1975 оноос “Таван Тэс” тэжээлийн аж ахуй байгуулагдаж түүнийг дагалдан барилга контор, зам засварын тасаг, нийтийн аж ахуйн үйлчилгээний төв, эрчим хүчний станц, шатахуун түгээх станц, хорих анги, цагдаан сэргийлэх групп, хилийн цэргийн анги, 1500 хүүхэдтэй 10 жилийн сургууль, 75 хүүхэдтэй цэцэрлэг, 30 хүүхэдтэй ясли, худалдаа бэлтгэл анги зэрэг олон салбар байгууллага байгуулагдаж ажиллах болсоноор сумын хүн ам 10 мянга гаруй болж эмнэлгийн үйлчилгээний цаг хүрээг өргөжүүлэх зайлшгүй шаардлага зүй ёсоор тавигдаж байлаа. Иймээс сумын АДХ-ын чуулган, намын хорооны бүх гишүүдийн хамтарсан хурлаар “Сумын эмнэлгүүдийн одоогийн байдал, цаашид тавих зорилт” илтгэлийг хэлэлцүүлж сумын төвөөс алслагдсан Таван улиас, Хар үзүүрийн бригадуудын бага эмчийн салбаруудыг их эмчийн салбар болгон барилгыг нь өвлийн төвд нэгдлийн хөрөнгөөр сумын төвийн их эмчийн салбарыг сум дундын нэгдсэн эмнэлгийн статустай болгон барилгыг нь ЗХУ-ын районы 30 эмнэлгийн зургаар улсын төсвөөр бариулж 1980 онд ашиглалтанд оруулах, тэдгээр эмнэлгүүдийн материалаг баазыг сайжруулан бэхжүүлэх ажлыг боловсруулан манай сумаас сонгогдсон аймгийн депутат, аймгийн 1-р орлогч дарга Р.Цэвээн, ЭМГ-ын дарга Ж.Эрхэмбаяр, их хурлын депутат, намын төв хорооны нарийн бичгийн дарга Пунцагноров нарт захиа даалгавар болгон аймгийн хурлын чуулган, ЭМЯ-ны орлогч сайд Нямдорж, төлөвлөлтийн хэлтсийн дарга Буджав нарт шийдвэрлэж өгөхийг хүссэн билээ. Бидний хүсэлтийг биелүүлж 1977 онд Таван улиас, Хар үзүүрийн бага эмчийн салбаруудыг их эмчийн салбар болгон барилгыг нэгдлийн хөрөнгөөр, сумын их эмчийн салбарыг их эмчийн салбаруудаа харьяалан ажилладаг Сум дундын нэгдсэн эмнэлэг болгон барилгыг 1980 онд улсын төсвөөр барьж ашиглалтанд оруулж тавилга, тоног төхөөрөмж, эмнэлгийн багаж материалаг баазыг бэхжүүлж ажиллаа. Энэ ажилд гүн туслалцаа үзүүлсэн дээрх нэр хүмүүсийг дурсаж талархаж байгаагаа хувиасаа болон эмнэлгийн ажилчид, сумын ард иргэдийг төлөөлөн илэрхийлэхэд таатай байна.
Шинэ баригдсан 30 ортой эмнэлгийн байр маш сайн халдаг, халуун, хүйтэн, цэвэр, бохир усны системтэй тохилог эмнэлэгт тавигдах тавилга, хүчин чадалтай тоног төхөөрөмжөөр тохижуулж сумын ард иргэдийн эрүүл мэндийг сайжруулж зохих үр дүн гаргахыг хичээж, тавигдвал зохих зураг төслийн дагуу мебель шүүгээ, тавилга, хүчин чадалтай том жижиг хөргөгч, 1-р хоолны тогоо, талх боов жигнэх духовтай 2-р хоолны пийшин, угаалгын ба сэгсрэх машин, ариутгалын автоклав, мэс заслын өрөөний гэрэл, насос, наркозын аппарат, эмэгтэйчүүдийн ба ерөнхий мэс заслын иж бүрдэл багаж, сэхээн амьдруулах, болон физик эмчилгээний иж бүрэн төхөөрөмж гэх мэт ЗХУ-ын районы эмнэлэгт байвал зохих бүх зүйлийн жагсаалтыг гаргаж аваад Р.Бадарч би өөрийн биеэр Улаанбаатар орж 1981 оны 8 сарын 10-нд ЭХЯ-ны аж ахуй хариуцсан орлогч сайд Нямдоржийн өрөөнд зөвшөөрөл авч орсон чинь сайдын өрөөнд надтай хамт эмч болсон УИХ-ын депутат Булган аймгийн ерөнхий эмч Оюун Булган аймгийн нэгдсэн эмнэлэг шинээр ашиглалтанд орсон тул тавилга, тоног төхөөрөмжийн жагсаалт хийж суутал би азаар таарч ороод 3-уулаа боллоо. Сайд маань аймаг улсын 2 депутатуудад байгаа юмаа бүтээж өгнө гээд миний хийсэн жагсаалтыг үзээд энэ сайн хийгдсэн жагсаалт байна гэж 4 хувилуулаад материал техникийн хангамжийн баазын даргад, хүссэн жагсаалт ёсоор 2 депутат эмч нарт материалыг саадгүй олгож, олгосон материалын падаан, жагсаалтыг миний нэр дээр ирүүлнэ үү гэсэн албан тоот хавсаргаад 1 хувийг авч хоцроод нөгөө хувийг баазын даргад өг, үлдэх хувиа өөрсдөдөө аваарай. Харин Р.Бадарч эмчийн захиасны жагсаалт сайн хийснийг УИХ-ын депутат Оюун эмч та бэлэн юм авлаа шүү хариуд нь та бэлэн чиргүүлтэй 2 машинтай яваа юм байна. Улс, аймгийн депутат ангийн найз эмчээ дагуулаад хамтдаа материал техникийн баазын дарга дээр яваад очоорой та 2-ын ажил бүтнэ, Харин Р.Бадарч эмч холын хүн, ачаа эмзэг тул ачааны онгоцоор авах нь тохиромжтойг зөвлөв. Бид 2 очвол зохих газруудаар хамт явж очиход очерь дараалалгүй сайн үйлчилсэн тул 7 хоногийн дотор бид 2 тус бүрдээ тав таван машин эмзэг тоног төхөөрөмж, тавилга авлаа. Би нисэх онгоцны дарга хурандаа Лхагвасүрэн гуайд ачааны А-26 онгоцоор Увсын Тэс суманд эмнэлгийн эмзэг ачаа хүргүүлэх хүсэлт тавихад Маршал Чойбалсангийн хүү Нэргүй нисгэгчийг дуудуулж ирээд 2 хоногийн дараа Тэс суманд ачаа хүргэхийг үүрэг болгоод Увс аймгийн дарга Г.Баасанжавтай утсаар яриад Тэс сумын дарга Д.Гомбосүрэнд ачааны онгоц очиж буухад 2 цагийн дотор ачааг буулгаж онгоц чөлөөлөхийг мэдэгдлээ гэв. Би 2 хоногийн дараа дурдсан цагт нь нутгийн 16 оюутнаар 2 цагийн дотор ачаагаа ачуулаад онгоцоор сувилагч Орломын Нямжавын хамт Тэс суманд онгоц буухад 20-иод залуу, ачааны 5 машин бэлэн байсанд ачааг 2 цагт нь багтааж буулгахдаа шууд машинд ачиж онгоцны жолоочид баярласнаа илэрхийлж явуулаад ачаагаа эмнэлэгт буулгаж авлаа. Тоног төхөөрөмжөө ЭМГ-ын тоног төхөөрөмжийн инженер найз Лхагважамцаар сар гаруй хоногийн хугацаанд зориулалтын байранд нь суурилуулж, ажиллуулж шалган хүлээн авч эмчилгээ үйлчилгээний ажилдаа ашигласнаар эмчилгээ үйлчилгээний ажилд тодорхой үр дүн гаргаж чадсан болно.
1980 оноос мэс заслын тасгийн эмчээр Б. Доржсүрэн, төрөх эмэгтэйчүүдийн тасгийн эмчийг хавсарч Р.Бадарч миний бие ажиллаж, мэс засал хийх өрөөнд мэс заслын гэрэл, ор, цахилгаан насос, багаж, тоног төхөөрөмж, аймгийн нэгдсэн эмнэлэгийн гаргасан хуучин рентген аппаратыг зориулалтын өрөөнүүдэд суурилуулж, мэс засал, төрөх эмэгтэйчүүдэд хийгдэх мэс заслыг хийх, рентгенээр ясны хугарал, үе мөчний мултралыг оношлох, үе мөчний мултралыг оруулах, ясны хугарлыг шохойдох, цээж гэрэлд харж уушигны үрэвсэл, сүрьеэ, цээжний хөндийд ус хурах зэргийг оношлож, эмчилгээг сумандаа хийдэг болсноор дээрх онош бүхий өвчтөнг аймаг уруу шилжүүлэхгүй болж ард иргэдээс гарах зардлыг хэмнэж, чирэгдэл учруулахгүй болсон болно. Дотрын тасгийн их эмч Н.Цэцгээ, физик эмчилгээний багажуудыг ажиллуулж физик биеийн тамирын эмчилгээний өрөөг тохижуулж нөхөн сэргээх чийрэгжүүлэх эмийн бус эмчилгээг хийж зохих үр дүн гарган ажиллаж байлаа.

Тэс суманд дунджаар жилд 300-360 эх төрдөг, 0-3 насны 1860 хүүхэдтэйгээс нярай болон 0-3 насны хүүхдийн өвчлөл эндэгдэл ихтэйг харгалзаж, Тэс суманд тогтвор суурьшилтай ажиллах боломжтой Тэсийн Ж.Янжмаа хүүхдийн эмчийг сумаас суманд томилолтоор дамжуулж мэргэжлийг нь зөв ашиглахгүй байгааг Тэс сумаас сонгогдсон Аймгийн АХДепутат, ЭХГ-ын дарга Ж.Эрхэмбаяр гуайд би өөрөө бас Аймгийн АХД-ын хувьд шүүмжлэлтэйгээр хандахад зөвөөр хүлээн авч 1980 оны 9 сард Ж. Янжмааг хүүхдийн их эмчээр томилон ирүүлж гүн туслалцаа үзүүлж буян болсон даргаа бид дурсах учиртай. Хүүхдийн их эмч Ж.Янжмаа, жолооч С.Норлоо, хүүхдийн сувилагч Н.Чиндмаа нар санаачлан эмнэлгийн ажилчдын хүчээр хад, зэдгэнэ, үхрийн нүд, чацаргана түүлгэж мөн аарц, сүү сүүн бүтээгдэхүүнийг намар малчдаас авч нөөцлөн суурь өвчтэй, рахит, тэжээлийн доройтолтой хүүхдэд зааврын дагуу жимсний шүүсээр өвөл хаврын улиралд витаминжуулах, кальцжуулах, сумын төвийн сүү аарцны хэрэгцээ шаардлагатай хүүхдүүдийг хангаж чаддаг байлаа.
Сумын эмнэлгийн ажилчид, төвийн намын үүрийн гишүүдийн хамтарсан хурлаар хүүхдийн өвчлөл, эндэгдлийг, бууруулах тухай илтгэл тавьж, зусланд 6 сарын 1-ээс 9 сарын 1 хүртэл сумын хэмжээний бүх суурь өвчтэй тэжээвэр, сул дорой, өсөлт бойжилт дутмаг хүүхдийн бүртгэлийг нарийн гаргаж чийрэгжүүлэх, борогшуулах сувилалын байшинг Ендэртэд 1981 онд сумын төвийн намын үүрийн гишүүд эмнэлэгийн ажилчид хамтран барьж ажиллуулснаар хүүхдийн өвчлөл эндэгдлийг бууруулахад ихээхэн ач холбогдол өгч байлаа. Хүүхдийн тасгийн их эмч Ж.Янжмаа нярай болон хүнд өвчтэй хүүхдийн сэхээн амьдруулах өрөөг тохижуулж, тасалгааны агаарыг хүчилтөрөгчөөр баяжуулж амьсгал дэмжих 2 аппарат ажиллуулах, цэр ихтэй хүүхдүүдэд тогшилт хийж цэрийг сулруулах, ховхлох, шингэлэх эмчилгээ хийж, цэр салиа соруулах, сэхээн амьдруулахад шаардлагатай бүх эм багажуудыг бэлэн байлгаж өөрөө болон хүүхдийн сувилагчийн хамт гардан эмчилдэг болсноор нярай болон бага насны хүүхдийн өвчлөл эндэгдлийг 10 жилийн турш жил тутам бууруулж чадсан болно.
Зах зээлийн шилжилтийн үед сум бригадын эмнэлэгт урсгал болон их засвар хийгдээгүйгээс барилгын дээврээс ус гоожих, туурганы шавардлага нурж хуучран ажил үйлчилгээ явуулахад ихээхэн төвөгтэй болсон байсныг 2002 онд аймгийн төсвөөс 10 сая төгрөг, 2003 онд Япон улсын засгийн газрын “Өвсний үндэс” хөтөлбөрийн төсөл боловсруулж 50, 0 сая төгрөгөөр сумын төвийн эмнэлэгт их засвар, гүний худаг гаргуулах, түлш хэмнэх ажил хөнгөвчилсэн өндөр даралтын уурын зуухтай болох, НҮБ-ын Хүн амын сан, өрхийн тогтвортой ажиллагааг дэмжих, дархлаажуулалтын зэрэг олон улсын төслийн хөрөнгөөр 3 эмнэлгийг HONDA мотор, вакцины хөргөгч, урьдчилан сэргийлэх тарилга хийхэд хэрэглэх мотоцикль, эхчүүдийн амрах байрыг тохижуулах, сумын төвийн эмнэлэгт ЭМЯ-ны хөрөнгөөр, Хар үзүүрийн эмнэлэгт ард иргэдийн хандиваар тус тус түргэн тусламжийн машинтай болгож, бригадуудын эмнэлэгийн байруудад их засвар хийх, нам даралтын зуух, сансрын долгион хүлээн авах телевизийн антентай болгох, зуны улиралд малчдын зусланд ажиллах эмнэлэгийн байруудыг барьж байгуулан ашиглалтанд орууллаа. Тэс сумын хар үзүүрийн эмнэлгийн түргэн тусламжийн машин 2008 онд актлагдсан сумын төв, таван улиасны эмнэлгүүдийн түргэн тусламжийн машин 2009 онд актлагдах болсон тул дээрхи эмнэлгүүдэд түргэн тусламжийн машинтай болгож өгөх асуудлыг УИХ-н гишүүн Б.Чойжилсүрэн гуайд хүсэлт тавьж Бадарч миний бие ороход УИХ-ын гишүүн өөрөө ЭМЯ-ны түргэн тусламжийн машин хуваарилдаг мэргэжилтэнтэй утсаар ярилцаж тохиролцоод Хар үзүүрийн эмнэлэгт 2009 оны 9 сард УАЗ-469 маркийн машин, 2010 оны 3-р сард сумын төв ба таван улиасны эмнэлэгт 2 фургон машин олгож эмнэлгүүдийн түргэн тусламжийн үйлчилгээнд гүн туслалцаа үзүүлсэнд Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн, ЭМЯ-ны мэргэжилтэн нарт талархал илэрхийлэхэд таатай байна.
Шүдний их эмч Л.Лхамжав уугуул нутагтаа 2009-2013 онд ажиллахдаа өрхийн тогтвортой амьжиргааны төслөөр 2010 онд биеийн тамираар чийрэгжүүлэх, нөхөн сэргээх орчин үеийн иж бүрэн /11сая төгрөг/ төхөөрөмжөөр эмийн бус эмчилгээний кабинет тохижуулан эмнэлэгт хэвтсэн үйлчлүүлэгчид, болон амбулаториор үзүүлсэн хүмүүс эмчийн заалтаар нөхөн сэргээх чийрэгжүүлэх эмийн бус эмчилгээгээр эмчлэгдэж байгаадаа ихээхэн талархаж байна. 2010 онд мөн төслөөр \9 сая төгрөгийн\ шүдний эмчийн орчин үеийн иж бүрдэл тоног төхөөрөмжөөр шүдний эмчилгээний кабинет тохижуулж шүдний өвчнийг эрүүлжүүлэх, урьдчилан сэргийлэхэд чухал зүйл боллоо. 2010 онд Л. Лхамжав, Т. Нацаг, Д.Чимэддорж, Р. Бадарч бид нар эмнэлэгийн хашаанд чацарганы мод услах төхөөрөмжийг хаягдал төмөр хоолой ашиглан хийж, ажилчдын хүчээр 100 ширхэг чацарганы мод тарьж, усалж, арчлан ургуулж 2012 оноос чацарганаа хураан авч өвчтөнүүдэд, тэр дундаа бага насны хүүхдүүдийг чацарганы шүүсээр витаминжуулснаар үр дүнгээ өгсөн ажил боллоо.


Гурав. Сумын төр, захиргаа нам, олон нийтийн сонгуульт ажлыг хэрхэн хийж байсан тухай
1970 онд ус бэлчээр сайтай тооромтын амны услуурын урд булан тохойд, 1980 онд цагаан услуурын өвдөг тохой хэмээх нэртэй 4-5 км газарт орших өвчилсөн бод, бог малыг төвлөрүүлэн эмчилж эрүүлжүүлэх хоёр эмчилгээ тэжээлийн цэгийг байгуулахад баригдах Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 3 өрөө бүхий угсармал барилгыг нэгдлийн барилгын даамлаар заалган бариулах, эмчилгээ тэжээлийн цэг тус бүрд нь 200 бог, 50 үхрийн битүү хашаа, адуу тэмээний данхар, мал тэмээх тэжээврийн хашаа, тахиа гахай өсгөж үржүүлэх, тэжээж бордох байр, тэжээлийн будаа хэвгийн агуулах, өвс ногооны хашаа гэх зэргийг улиас, хус, бургас, зэгэс, хулс зэрэг нутгийн материал ашиглан нэгдлийн үйлдвэр, хашаа худгийн даргын заавраар төвийн эвлэлийн үүрийн гишүүдийн хүчээр үлгэр жишээ барьж тохижуулсан билээ. Ингэснээр 1970-1993 онд нэгдэл тарах хүртэл маш олон мянган бод, бог малыг эрүүлжүүлж уул сүрэгт нь нийлүүлж өсгөж үржүүлэх, үндсэн сүрэгт нь нийлүүлэх боломжгүйг нь тэжээж таргалуулан мах болгож борлуулах олон арван мянган сая төгрөгийн орлого оруулсан болно. Миний ажилласан тэр үед албан байгууллагад мал бригадыг шефлэн хариуцуулдаг байснаас эмнэлгийн ажилчдын хүчээр намарт нь малчдын хашаа засварладаг, хаварт нь шинээр 1-2 хашаа барьдаг, жил бүр 10-15 тонн өвс хадаж бэлтгэж өгдөг байлаа.
Тэс суманд ажиллаж байсан 45 жилд бусад 18 суманд эрхлэгч эмчээр ажиллаж байсан үе үеийн эмч нар, Тэс суманд ажиллаж байсан 10 гаруй эмч нар, 20 гаруй сувилагчийг ажилд сургаж дадлагажуулан ажлын сайн арга барилаа солилцдог байсны дээр сумдын эрхлэгч эмч нарын ахлагч нь, халамжлан хүмүүжүүлэгч нь байсандаа бахархаж баярлаж явдаг.
Дөрөв. Увс, аймаг, сумаас Тэс сумын эмнэлэгийн ажилд өгсөн үнэлгээ
Тэс сумын “Улсын өндөр соёлтой эрүүл мэндийн төв”-ийн үе үеийн хамт олон улс, аймаг, сумандаа улирал, хагас, бүтэн жилийн ажлын үзүүлэлтээрээ эхний байруудад шалгарч байсан болно. Үүнд: Суманд 55, аймагт 20 удаа шалгарч сум, аймаг, яам, бусад газрын баярын бичиг, дипломоор 80 удаа шагнагдаж байснаас гадна Тэс сумын эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээний ажлын арга туршлагыг судлахаар Увс аймгийн сум нэгдлийн дарга эрхлэгч эмч нарын хамт ирж үзүүлэх сургууль семинар 1976 онд, 1985 онд тус тус 2 удаа зохион байгуулж явагдаж байлаа. Тус эмнэлэг нь улсад 3 удаа шалгарч байлаа. Үүнд:1984 онд II, 1986 онд I байранд тус тус шалгарч, эмнэлэгийн хамт олны зураг ЭМЯ-ны хүндэт самбарт тавигдаж тус эмнэлэгийн үйл ажиллагаа, ажлын арга туршлага телевизээр олон нийтэд үе үе сурталчилагдаж байлаа. 1989 онд Улсын өндөр соёлтой эмнэлэг шалгаруулах болзлыг биелүүлж “Улсын Өндөр соёлтой эмнэлэг”-ийн байнгын хаягаар шагнагдаж, “Хүүхдэд ээлтэй эмнэлэг”- гэрчилгээтэй, 2011 онд ЭМЯ-ны “Шилдэг эмнэлэг” өргөмжлөлтэй болсон юм.
Манай хамт олон “Хүүхдэд ээлтэй”, “Улсын өндөр соёлтой” эмнэлэг гэсэн байнгын хаягтай, ЭМЯ-ны “Шилдэг эмнэлэг” өргөмжлөлтэй болсондоо урамшин хүн нэрээ, гавар үнэрээ гэгчээр эмчилгээ үйлчилгээний бүхий л ажлаараа хаягандаа гологдож чамлагдахгүйг хичээн ажиллаж, ажлаа хэвшүүлж чадсан хамт олон юм. Энэ амжилтанд хүрэхэд орон нутгийн нам төр захиргааны байгууллагын удирдлага, ард иргэд, хамт ажиллаж байсан үе үеийн их, бага эмч, сувилагч эмнэлэгийн бүх ажилчид дугарвал дуу нэгтэй, дугтарвал хүч ихтэй, эвсэг хамт олон болж багаар ажиллаж хэвшсэн, хөдөлмөрч чанар ихээхэн нөлөөлсөнд баярлаж талархаж байдгаа дурдахад сэтгэл ханамжтай, маш сайхан байна. Ахмад бидний хойч үеийн залуу залгамж халаа ийм л байна гэдэгт итгэлтэй байна.
Тав. Тус салбарыг удирдаж ажилласан эмч Р. Бадарч намайг төр засаг, түмэн олноос үнэлсэн үнэлгээ
1966 оноос хүний их эмч гэсэн хүндтэй, хариуцлагатай энэ албыг хашиж 56 жил ажиллахдаа 1970-1971 онд аймгийн шүүх эмнэлэг-эмгэг анатомын эмчээр 1 жил, 45 жилд нь Увс аймгийн Тэс сумын хүн эмнэлэгийн эрхлэгч, эх барих эмэгтэйчүүдийн их эмчийн ажлыг хавсарч тасралтгүй тогтвор суурьшилтайгаар, санаачлагатай үр бүтээлтэй ажиллаж ирсэн юм. Одоо Эрдэнэт хотод “Мэнд Тэс” үүдний хувийн эмнэлэгээ 12 жил ажиллуулж байна. Тэс суманд 45 жил ажилласан хугацаандаа 160 мянга гаруй хүнд үзлэг хийж, 32000 хүнийг хэвтүүлэн эмчилж 330 мянга гаруй ор хоног ашиглаж, 12100 эхийн 80%-ийг эхний 3 сартайд нь хяналтанд авч төрүүлснээс анхны, болон олон давтан төрөгч, хүндрэлтэй төрдөг, 8000 гаруй эх, 85 ихэр эхийг өөрөө гардан эх барьж нэг ч эхийг аймагт шилжүүлэхгүйгээр сумандаа төрүүлэх, төрөх эмэгтэйчүүдийн хүндрэл эх нярай ба бага насны хүүхдийн нас баралт, бэлгийн замаар халдварлах өвчлөлийг бууруулж, тэмбүү өвчин, эх барихын эндэгдлийг 45 жилийн хугацаанд гаргаагүй болно. Эмэгтэйчүүдийн мэс заслын болон осол гэмтлийн улмаас тархи доргих, гар хөл хугарах, үе мултрахад бариа засал, шохой боолт хийх зэрэг мэс ажилбарыг 300 гаруй хүнд хийж ажилласнаар онцын шаардлагагүй тохиолдолд аливаа өвчтнийг дээд шатны эмнэлэгт шилжүүлэх, аймгаас тусгай мэргэжлийн эмч дуудахгүйгээр нарийн мэргэжлийн ур чадвараа ашиглан эмчилж байсан нь ихээхэн хөрөнгө зардал хэмнэсэн, ард иргэдэд чиргэдэл гаргахгүй ажилласан төдийгүй аймгийн эрүүл мэндийн байгууллага, сумын удирдлага болон иргэдийн талархлыг зүй ёсоор хүлээж байсан болно.
Р. Бадарч миний бие цэл залуу үеэсээ өвөл нь -40-50 градус хүйтэн, зун нь газрын хөрсөндөө 50-70 градус хүртэл халдаг эрс тэс уур амьсгалтай, хүн ам олонтой, жилд дунджаар 300-330 эх төрдөг, ажлын ачаалал ихтэй, төвөөс алслагдсан зах хязгаар нутаг суманд ажлын өндөр ачаалалтай тэвчээр хатуужилтай ажиллаж байсан төдийгүй нам олон нийтийн байгууллагад үнэнч шударга идэвхтэн сонгуультан байж сумын ХЗЭ-ийн хорооны тэргүүлэгчээр 5 удаа, ҮЭ хорооны тэргүүлэгчээр 15 удаа, АДХГЗ-ны тэргүүлэгчээр 5 удаа, намын хорооны товчооны гишүүнээр 13 удаа, УЗ салбар хорооны даргаар 12 удаа, САДХ-ын депутатаар 8 удаа, аймгийн АДХ –ын депутатаар 2 удаа, АИХ төлөөлөгчөөр 1 удаа тус тус сонгогдож улс төр, нам, олон нийтийн сонгуульт ажлыг үндсэн ажлын хэмжээнд хийж сонгосон олон түмний итгэл найдварыг даан ажиллаж байлаа. Хариуцсан эмнэлэгийн үйлчилгээний ажлаараа болон төр захиргаа нам олон нийтийн байгууллагын сонгуульт ажилд идэвх зүтгэл, санаачлагатай, үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажиллаж үүргээ нэр төртэй биелүүлж ирснийг ЭМЯ, аймаг сумын төр захиргаа, нам олон нийтийн байгууллага үнэлж аймаг улсын чанартай олон арга хэмжээнд шалгаруулан оролцуулж байсан юм.

o 1970 онд Увс аймгийн тэргүүний сэхээтний зөвлөгөөнд
o Эрүүлийг хамгаалах байгууллагын 50 55 60 80 жилийн ойн баярын төлөөлөгчөөр
o 1972 онд ЗХУ-д МХЗЭ-ийн зардлаар жуулчлах эрхийн бичгээр
o 1973 онд “Социалист уралдаанд тэргүүлэгчдийн улсын анхдугаар зөвлөгөөн”-нд
o 1978 онд “Шинийг санаачлагчдын улсын зөвлөгөөн”-нд
o Монгол улсын эмч нарын III их хуралд
o 1986 онд МАХН-ын XIX их хурлын төлөөлөгчөөр
o 1995 онд ОУ-ын эх нялхсын симпозиумд
o 2000 онд МҮЭ-ийн 17-р их хуралд тус тус төлөөлөгчөөр сонгогдон оролцож байснаас гадна 2003 онд “Аймгийн аварга эмч”-ээр, 2004 онд ЭМЯ-ны “Шилдэг эмч”-ээр шалгарч шагнагдаж байсан.
Бадарч миний ажил хөдөлмөрийн амжилтыг үнэлж V, VI, VII, VIII таван жилийн гавшгайч, МАХН-ын ахмад зүтгэлтэн, Монголын ахмадын холбооны, МУЗН-ийн, МҮЭ-ийн, Хилийн төлөө хүндэт тэмдгүүд, 1980 онд ЭМЯ-ны жуухаар, 1984 онд ЭМЯ-ны тэргүүний ажилтнаар, Ардын хувьсгалын 50, 60, 70, 80, 90 жилийн ойн медаль, 1990 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”, 2000 онд “Алтан гадас” одонгоор, 2006 онд Монгол улсын “Хүний гавьяат эмч” цол тэмдгээр шагнагдаж, 2010 онд шалгалтанд орж Монгол улсын Клиникийн профессор цол хамгаалсан болно.
Унасан газар угаасан ус Монгол улсынхаа газар шороонд төрж өссөн, гар ганзаганд хөл дөрөөнд хүрсэн, төрөл бүрийн мэргэжлийн залуу халаа хойч үеийнхэн минь төрж өссөн нутгийнхаа ард иргэдийн эрүүл мэндийн салбарт болон улс орныхоо хөгжил дэвшилд цаг үргэлж хувь нэмрээ оруулж явахыг уриалж байна.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.


Сэтгэгдэл үлдээх