Увс аймгийн Өмнөговь суманд 11 хүүхэдтэй Эрдэнийнхэн хэмээх малчин айл байж. Энэ өнөр бүлийн нэг гишүүн 1959 онд сумын сургууль төгсөөд ОХУ-ын Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг зорьсон нь Сангийн сайд асан Э.Бямбажав байв.
Тэрээр Монгол Улсын төсвийн хөрөнгийг зарцуулах яамны сайдаар хоёр удаа ажиллаж байсан. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай үед сайд байсан Э.Бямбажав 1995 онд дахин энэ албанд очсон нь эдийн засгийн шилжилтийн хүнд үеийг давах хатуухан даалгавартай тулгарсан гэдэг.

Хөл хүнд эхнэр минь сумын их эмч хийхээр хөдөөг зорилоо. Тэр ЗХУ/одоогийн ОХУ/-д сургуулиа төгсөөд одоогийн Монголбанкнаас ажлын гараагаа эхэлж байхдаа Анагаах ухааны дээд сургуулийн оюутантай танилцсан нь хань Ц.Норжмаа нь байв. Их сургуулиа төгсөх жил Норжмаа гуай хөл хүнд болж, яамнаас оюутнуудыг хөдөөгийн эмнэлэгт томилох ажил эхэлжээ. Даргын тушаал гарсан бол үгүй гэх эрхгүй тэр үеийн жамаар Норжмаа гуай Өмнөговь аймгийн Ноён сумыг зорилоо.
“Амралтаа аваад араас чинь очно” гээд үлдсэн Улсын банкны ерөнхий хорооны мэргэжилтэн залуу ээлжийн амралтаа авах өдрийг тэр өдрөөс эхлэн тоолжээ. Хүн хүч муу Ноён сумын эмнэлэгт жил шахам ажилласан Норжмаа гуай “Төрөх цаг ойртлоо” гээд амралтаа аваад нөхрөө дагаад явчихсан гэдэг. Анхны хүүхэд төрж, ажил албан тушаал өөрчлөгдөж, амьдрал ид бужигнаж байв. Энэ хүний гадаад, дотоод явах нь ихэслээ. Заримдаа унтаж байхад нэг улсаас ирээд, нөгөө улс руу явчихсан байна. Тийм болохоор томилолтоор авч явах хувцас хунар, цүнх савыг байнга бэлэн байлгах хэрэгтэй. Тэр үед би Хотын түргэн тусламжид ажилладаг байсан юм. Одоогийнх шиг унаа тэрэг хангалттай байсангүй. Ачаалалтай ажиллана. Завсраар нь харьж хүүхдээ хөхүүлнэ. Тэр хооронд нөхрийнхөө маргаашийн хүлээн авалт, уулзалт хэлэлцээр, томилолтын хувцсыг угааж, индүүднэ. Хүүхэд халуурна, өвдөнө. Тэр үед нөхрөө их үгүйлнэ. Гадаадын сайд дарга нартай ажил ярьж, улс орны төсөв, хүмүүсийн талхны мөнгөтэй харьцаж байгаа хүнийг дуудаад байлтай нь биш. Хүн залуу насныхаа эрч хүчээр ямар ч ажлыг амжуулдаг юм билээ” хэмээн Норжмаа гуай дурслаа.
Олон хүүхэдтэй ядруухан айлын зовлонг ажлаасаа мэдэрч эхлэв Бямбажав гуайд 1979-1984 онд Сангийн сайд байхад төсвийн орлогоо яаж нэмэгдүүлэх тухай бодол толгойн өвчин байжээ. Тэр үед улсын материал техникийн баазыг хэрхэн өсгөх нь хамгийн чухал байлаа. Олон хүүхэдтэй ядруухан айл хүүхдүүдээ яаж ажил амьдралын захаас атгуулах, гэдэс цатгалан, мөр бүтэн явахад зүтгэхтэй адил тухайн үеийн Сангийн яамныхан төсвөөс иргэдийн цалин, тэтгэврийг цагт нь өгөх, худалдаа үйлчилгээг өргөжүүлж иргэдээ ажилтай болгох гээд бэрхшээл цөөнгүй байлаа. Тэр үед одоогийнх шиг экспортын орлого, уул уурхай гэж байсангүй. Байгууллага, газар, үйлдвэр бүртэй тулж ажилладаг ачаалал их. Бүх хүн төсвийн орлого харна. Цалин, тэтгэвэр, тэтгэмж төсвийн орлогоос хамааралтай болохоор тэр. Маш нарийн тооцоолж, хуваарилдаг байсан тулдаа болгож байжээ. Одоогийнх шиг зарлага ч их байсангүй. Тухайлбал,, төрийн албан хаагчид гадаад руу явах томилолтын зардлыг нарийн тооцоолдог байв. 1995 онд гэхэд төсвийн хөрөнгө 500 гаруй тэрбум төгрөг л байжээ. Одоо хэдэн их наяд төгрөгөөр эргэлдэж байгаа улсын төсвийг тэр үетэй харьцуулах аргагүй аж.
Дараа нь 1995 онд түүнийг дахин Сангийн сайд болоход зах зээлийн эдийн засгийн шилжилтийн үе таарлаа. Татвар, төсөв, Нягтлан бодох бүртгэл, Валют зохицуулалт, Тэмдэгтийн хураамж гээд олон төрлийн хууль, арга механизм ч өөрчлөгдөж эхэллээ. Гэхдээ төсвийн орлогоо яаж олж байсан, хэрхэн зарцуулж байсан арга одоогийнхоос нэлээд ялгаатай байж. “Одоо бол зарлага нь нэлээд их болжээ. Энэ бүгд улсын эдийн засгийн хөгжилтэй холбоотой. 1995 онд гэхэд зэсийн үнэ 1300-1500 ам.доллар байлаа. Одоо 10 мянга хүрч байна. Шилжилтийн үеэ бодоход манай улсын эдийн засаг хөгжиж байна. Гэхдээ байгалийн баялгаас иргэдэд хувь хүртээж байгаа нь сайн хэрэг боловч хэлбэр нь буруу юм. Дэлхийн орнуудын туршлагаас харж байхад баялгаасаа олсон орлогоо иргэдэд хувь олгож байхад хажуугаар нь нөөцөлж явдаг. Нөөцлөх нь ирээдүйдээ ашигтай. Манайх бол ашиглаад л яваад байгаа. Хойч үедээ байгалийн баялгаас үлдээе гэвэл нөөцлөх л хэрэгтэй. Үүнийг хоёр янзаар нөөцөлдөг. Мөнгө болгож хадгалах. Үүнээс илүү нэг арга нь үйлдвэрлэл босгох юм. Манай улс төрийн намуудын амлалт хэрээс хэтэрсэн. Иргэнд хувь хүртээж байгаа нь зөв. Хамгийн чухал нь ямар хэлбэрээр вэ гэдэгт байгаа юм. Байгалийн баялгийг иргэд хувьцаа, үйлдвэр хэлбэрээр ашиглавал одоогийнхоос л дээр”. Ингэж ярьсан тэрээр хамаг залуу насаа ажилдаа зориулж, нутаг ус, аав ээждээ бараагаа ховорхон харуулдаг нэгэн байж. Норжмаа гуай, хоёр хүүхдээ дагуулаад хадмууддаа очихоор хэл яриаг нь сайн ойлгодоггүй баруун хязгаарын нутгийг хэчнээн ч зорьсон юм бүү мэд. Тэтгэвэрт гарснаас хойш харин өвгөн нутагтаа ойр ойрхон очдог болсон аж.
Ах дүү 108-уулаа цугларчээ
Тэд нутагтаа жилдээ ганц очно. Очсон үедээ ах дүү нараа цуглуулна. “Өнгөрсөн жил очиход аав ээж хоёрын минь ач зээ, гуч, бэр хүргэн гээд 108-уулаа цуглацгаасан. Заримдаа очиход хойш, урагшаа нүүчихсэн байна. 11-үүлээ болохоор хаа сайгүй л амьдарч байна даа. Харин Алтан-Хөхийг хоёр удаа тахихад алинд нь ч очиж амжаагүй” гэж Бямбажав гуай хуучлав.
Хувийн бизнесгүй сангийн сайд
Сайд, дарга нарын олонхи нь хувийн бизнестэй байдаг. Үүний нэгэн адилаар Бямбажав сайд аймагтаа худалдааны үйлдвэр хувьчилж аван бизнес хийдэг гэх яриа бий. Гэхдээ түүний хэлснээр гаднаас хэдэн машин оруулж ирж “шатсан”-аас хойш дахин энэ зах зээлд зүглээгүй юм. Түүнтэй ийн хөөрөлдлөө.
Анхдагч Бямбажав
Сангийн яамнаас түүнийг хэд хэдэн төрөлд анхдагчаар тодруулжээ. Сангийн сайдаар хоёр удаа сонгогдсон анхны сайд байсан. Монгол Улсын эдийн засгийн нийгмийн хоёр нүүрийг үзсэн түүний дараагийн алба Казахстан улс руу заагджээ. Энэ ажил манай улсын хувьд мөн анхных байж. Казахстан улс ЗХУ-аас тусгаар тогтнож байсан үе. Казахстан улс манай улстай улс төр,, эдийн засгийн харилцаа тогтоон Элчин сайдын яамдаа томилох болжээ. Тус улсад суух Элчин сайдаар Сангийн сайд асан Бямбажавыг томилсон байна. Энэ утгаараа тэрээр тус улсад манай улсаас суугаа анхны Элчин сайд болсон гэдэг. Албан тушаалын хувьд тэрээр энэ мэтээр анхдагч байсан бол ажил мэргэжлийн хувьд Монголын экспортын улирлын байдлыг анх удаа олон улсад баталсан мэргэжилтэн болжээ.
Чөлөөт бөхийн аварга сангийн сайд
Их ажлын хажуугаар сайдад сонирхох зүйл олон байж. Тэрээр “Залуу байхын цаг заваараа найз нөхөдтэйгээ гар бөмбөг тоглодог байлаа. Тэр уламжлалаа алдаагүй. Одоо ч гэсэн тоглож байна. Ер нь спортод дуртай нэгэн байсан” хэмээн ярилаа. Бөхийн холбооны тэргүүлэгч гишүүнээр 17 жил ажиллажээ. 57 кг-д Соёл нийгэмлэгийн чөлөөт бөхийн аварга болж байсан гээд спорттой холбоотой олон дурсамж түүнд бий. Мөн оюутан байхдаа шатрын зэрэг авч, ширээний теннисээр улсдаа гуравдугаар байранд орж байсан түүхтэй.
Ц.Норжмаатай ханилаад 50 шахуу жил болжээ. Дадлагаа хийж яваад ханьтайгаа танилцаж байлаа. Улсын мөнгө төгрөг, төсвийн ажил хариуцна гэдэг их нарийн. Олон орны төлөөллүүдтэй худалдаа, хөрөнгө мөнгөний асуудлаар хэлэлцэнэ. Нийт 60 гаруй орноор ажлаар явсан байдаг юм. Нөхрийгөө эзгүй үед ар гэрийн ажлаа амжуулна. Үр хүүхдээ өсгөхөд ээж минь их тус болсон доо. Тухайн үед ар гэрээ ч авч явахын хажуугаар албаны ажлаа амжуулаад шантрах зав байсангүй. Одоо сайн ханийн буянд сайхан л амьдарч байна. Хань маань гадаад орноор аялах дуртай, тэтгэвэртээ гарснаас хойш олон газраар нөхөртэйгөө цуг явлаа. Тухайн үеийн Сангийн яамны ажилчид, дарга нарын гэр бүлтэй нийлж аяллын баг бүрдүүлээд аялдаг юм. Одоогийн мөнгөний бодлогод санааширч, хавтгайрсан халамжаас илүү үйлдвэр, ажлын байрыг чухалчилж суугаа Сангийн сайд асан “Хөрөнгө хураагаад яах вэ. Гадаад орноор явж, юм үзэн нүд тайлах нь чухал шүү дээ. Хөгшин бид хоёр ач зээ нартаа хөрөнгө хураах шаардлагагүй. Тэдэнд мэдлэг боловсрол гэж бүхнээс үнэтэй зүйл бий” гэж ярина. Бямбажав сайд гэрийнхээ хүнийг дагуулан Азийн бүх орноор аялжээ. Хоёр хөгшин “Насны эцэст үр хүүхэд, ач зээ нараараа хүрээлүүлж суухаас өөр жаргал алга аа. Удахгүй хашааны хаалгаар шаагилдаад ороод ирнэ дээ.
Хурдан борын тухай дурсамжаас:
Нэг зун манайх 11 унага зэллэж сайхан “Чигээ” исгэж зуссан юм. Би тэр үөд сурагч байсан болохоор амралтаараа ирээд өдөр бүр хонь хариулна. Нэг өдөр аав намайг дуудаж: -Чи энэ даагануудаас нэгийг нь өмчилж ав. Тэгээд өөрөө сурга гэж билээ. Нэг бор даага зүсэлж аваад ахтайгаа хамжин сургаж намар нь цөөн хэд хоног хонь хариулаад сургуульдаа явсан юм. Дараа жил нь сургуулиас ирэнгүүт бор үрээгээ барьж уналганд зүгшрүүлэн хонь хариулахдаа унадаг боллоо. Тэр жил сумын төв “Их шар бүрд”-д зусаж, наадсан юм. Би аав ах хоёрыгоо дагаад бор үрээгээ унаад наадамд очлоо. Наадмын эхний өдөр үрээ морьд уралдах болж хүүхдүүд наадмын гэр тойрон гийнгоолж “бөлбөөдөж” байв. Түүнийг харсан миний сэтгэл хөөрч үрээгээ уралдуулмаар санагдаад аав, ах хоёрт хэлэхэд:
-Уяа сойлгогүй юм чинь яаж болох вэ, тэгээд ч чи томдох байх, жижиг хүүхэд олдвол ч яах вэ гэх утгатай үг хэллээ. Би хүүхэд хайж явтал Д.Басанжав тааралдаад би уная гэдэг юм байна. Тэр дор нь дэл сүүлий нь боогоод гарааны зурхай руу явсан морьдын хойноос явуулчихлаа. Уралдааны морь ирэхэд би бор үрээгээ олж харсангүй. Хайж явтал ах хөлсийг нь хусаж байв. Юу болсныг нь асуухад:
-Бараг түрүүлэх шахлаа, даанч буруу талаар нь орчихлоо гэв. Ийнхүү аман хүзүүдсэнээр бор үрээ хурдан болох нь мэдрэгдсэн. Түүнээс хойш би бор морио эхний 5 дотор ирнэ гэж хардаг болсон. Бор морь минь ч миний санаснаар давхиж байлаа. Дөнөндөө аман хүзүүдэж, соёолондоо түрүүлж, 7 настай морь их насанд айрагдаж түүнээс хойш олон жил түрүү, айраг авсан юм. Эзнээ сайн танин, хүзүү нуруугаа маажуулах гэж миний мөрөнд толгойгоо нааж эрхэлдэг байсан юм. Би ч бор мориндоо маш их хайртай байлаа. Унаад жороолуулж явахад нар минь гардагсан. Манай ах дүү нар бор морийг над шиг хайрладаг байсан. Бор морь холын замд хурдлахдаа сайн шөрмөслөг ажнай байсан юм. Гараанаас хойгуур гарсан ч бариа дөхөхөд улам хурдалдаг хүлэг байсан. Би амралтаар очих бүрдээ:
-Миний бор морийг хамаагүй унаагүй биз, уралдуулсан уу, хэдэд ирсэн бэ? гэх мэтээр шалгаадаг байлаа. Манай сүрэгт бор морь хүндтэй байр эзэлдэг, мал сүргийн минь шүтээн юм. Бор морины дүү хар, бага бор гэх мэт олон хурд төрсөн юм. Тэд ч бас олон наадамд айраг түрүү,авсан юм. Харин би олигтой уяж, сойлгыг нь тааруулж чаддаггүй, зүгээр л хонь хариулж байгаад уралдуулдаг байж билээ. Бор морь надад малч, уяач хүмүүсийн хөдөлмөрийг бүрэн ойлгуулж, сайн мориор бахархах, бардамнах сэтгэлийн аархалыг төрүүлж өгсөн юм. хэмээн Сангийн сайд асан, гавьяат эдийн засагч Э.Бямбажав гуай дурсаж байна.
Тодруулга:
Монгол Улсын Сангийн сайдаар хоёр ч удаа томилогдон ажилласан, Ахмад дипломатч, Монгол Улсын гавьяат эдийн засагч Э.Бямбажав нь манай нутгаас төрсөн төрийн сайд нарын нэг бөгөөд УБ хот дахь НЗ-ийн дарга, тэргүүлэгчээр ажиллан сум орон нутагтаа хэзээнээс нааш анхаарал тавьж сумын үе, үеийн удирдлагууд болон ах дүү, ард олонтойгоо холбоотой байж нэлээд ажлуудыг хийж сумын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар яваа гавьяатай хүн.
Сэтгэгдэл үлдээх